Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-11-30 13:10:28

Хотын А бүсэд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлвэрийн барилгыг өнөөдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулав.

Тус газрыг худалдах дуудлага худалдааны доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр 2012 онд Монгол Улсын иргэншилтэй болсон Абдул Карим худалдан авлаа.

Дуудлага худалдаанд Капитрон банк, Таван Богд Трейд, Bluemon компани, иргэн В.Энхбаатар, Б.Батнягт, З.Пүрэв-Очир, Б.Отгонжаргал, Р.Мандах, Адбул Карим нарын нийт есөн иргэн, аж ахуй нэгж оролцсон юм. Төлөвлөгөө ёсоор өчигдөр нийслэлийн өмчит дөрвөн объект буюу ХУД-ийн Засаг даргын Тамгын газар, хотын А бүсэд байрлалтай “Автобус III” НӨҮГ-ын барилгууд, Өлзийт хороололд байрлалтай дутуу баригдсан барилга зэргийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах байсан ч дуудлага худалдаанд оролцох санал ирээгүй байжээ.

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй гэж хотын удирдлага үзэн, ийнхүү өмч, хувьчлалаар бусдад нээлттэйгээр борлууллаа.

Хот энэ онд өмч хувьчлалаас 43 тэрбум төгрөг олохоор тооцжээ. Төлөвлөсөн мөнгөнөөс одоогоор 34 тэрбумыг төвлөрүүлсэн бөгөөд үлдсэн хөрөнгийг олохын тулд дээр дурьдсан дөрвөн барилга, объектыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг дахин ирэх сарын 14-нд хийхээр боллоо.

Ч.Ариунболд

 

相关新闻