Эмч нараа чадавхижуулснаар жишиг эмнэлэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-19 21:36:20
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох зорилгоор тус эмнэлгийн эмч нарыг чадавхижуулж эхэлжээ. Ингэснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хүндрэл чирэгдэлийг багасгах, орон нутагтаа дурангийн үзлэг оношилгоо эмчилгээг хийдэг болох зэрэг дэвшилд хүрэх аж.
Энэ үүднээс Мандал сумын нэгдсэн эмнэлэгт оношилгооны болон дурангийн иж бүрэн аппарат авч өгөхөө тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат амласан байна.
Тус аппаратыг 2019 ондоо багтаан авч өгөх бөгөөд тэр хугацаа хүртэл тус аппаратыг ажиллуулах эмч мэргэжилтнээ сайтар бэлтгэхийг нэгдсэн эмнэлэгийн дарга Ё.Буяндэлгэрт тэрээр үүрэг болгожээ. Ингэснээр Монгол Улсын хамгийн том, хамгийн их хүн амтай Мандал сум орон нутагтаа дурангийн хагалгааг хийдэг болох нөхцөл бүрдэх аж. Мөн эрхэм гишүүний санаачилгаар Хавдар Судлалын Үндэсний Төвтэй тус Нэгдсэн эмнэлэг хамтран ажиллахаар болсон байна. Хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 21-ний өдрөөс Мандал, Баянгол, Ерөө сумдад тус төвийн эмч нарын баг ажиллаж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийх гэнэ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд эмч солилцоог явуулах бөгөөд Хавдар судлалын үндэсний төвийн эмч Мандал, Баянгол, Ерөө сумдад нэг сарын хугацаар ирж ажиллах. Харин дээрх сумдын эмч нар мөн Улаанбаатар хотноо очиж, тус төвд нэг сар ажиллах юм байна. Ийнхүү хот хөдөөгийн эмч нар ийн солилцооны зарчмаар ажилласнаар Мандал сумын эмч нар ажлын байран дээрээ хөгжиж, мэргэжлээ дээшлүүлэхээс гадна мэргэжлээрээ чадавхжих боломж бүрдэж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻