Аймгийн хүндэт иргэнээр Ө.Лувсанцэрэнг өргөмжиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-10 11:46:36

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хүндэт иргэнээр Ө.Лувсанцэрэнг өргөмжлөв. Тус аймгийн ИТХ-ын 2018 оны 92 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан Ө.Лувсанцэрэнг ийн батламжилсныг аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир өнөөдөр гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Ө.Лувсанцэрэн нь Манлай, Баян-Овоо, Цогтцэций, Даланзадгад сумдад нэгдлийн дарга, намын үүрийн дарга зэрэг албан ажлыг хашиж явсан юм байна. Тэрбээр 1970 онд сүүний үхрийн ферм байгуулсан нь "Талын улаан" үүлдрийн эрлийз 600 үнээтэй болон өргөжсөн байна. Сүргийн дунджаар нэг үнээнээс 6-10 литр сүү авч ард иргэдийг сүү цагаан идээгээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Мөн говийн нөхцөлд алимны 400 ширхэг суулгац ургуулсан нь өдгөө ч үр шимээ өгсөөр байгаа билээ.  

Мөн Хадат, Шавартай, Ёлын амны услалтын системүүдийг 40 га талбайд байгуулж, төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж аймаг, сумандаа ажил үйлсээрээ удаа дараа тэргүүлж байсан түүний нөр их хөдөлмөрийг үнэлж Өмнөговь аймгийн хүндэт иргэнээр өргөмжлөн, батламж хадгалуулсан байна. 

Д.Мишигсүрэн

相关新闻