Дайчилгаанд 18 байгууллагын 170 гаруй хүн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-27 15:02:54
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хэд хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үүссэн үерийн гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга дайчилгаа зохион байгуулах тухай А/288 тоот захирамж гаргасан байна. Үүний дагуу Сүхбаатар суманд үүссэн хохирлыг барагдуулах, эвдэрсэн даланг сэргээн засварлах ажлыг ААНБайгууллагуудад хуваарилан өгч ажиллуулж байна. 
Сэлэнгэ аймгийн Засаг даргын энэ сарын 20-ны А/288 тоот дайчилгаа зохион байгуулах тухай захирамжийн дагуу энэ сарын 26-ны өдөр далан сэргээх засварын ажилд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар сумын ЗДТГ, Сэлэнгэ үйлчилгээ ОНӨААТҮГ, ТҮГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Гэр бүл залуучууд хөгжлийн газар, Онцгой байдлын газар, ХЦ-ийн 0243-р анги, Татварын хэлтэс, 3-р цэцэрлэг, ХЦ-ийн 0101-р анги, Авто тээврийн үндэсний төв, Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Санхүүгийн аудит, Олон улсын Худалдааны төв зэрэг нийт 18 байгууллагын 172 хүн гарч ажиллаж, 370 гаруй метр газар чулуу өрж, далан хаалт хийсэн байна. 
Мөн энэхүү ажилд ДЗОУБ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар үерийн улмаас үүссэн ариутгал халдваргүйтэл хийлгэхэд шаардагдах 12 сая төгрөгийн өртөг бүхий ариутгалын бодисыг түргэн шуурхай шийдвэрлэж өгчээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻