Ширүүн борооны улмаас Даланзадгад-Баяндалайн хатуу хучилттай авто зам эвдэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-28 10:16:32
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 7 дугаар сарын 27-28-ны шөнийн орсон усархаг ширүүн борооны улмаас Даланзадгадаас Баяндалай хүрэх чиглэлийн хатуу хучилттай авто зам эвдэрчээ. 
Тус аймгийн Онцгой байдлын газрын мэдээлж байгаагаар аймгийн төвөөс  58-60 километрт 30 орчим метр газар хатуу хучилттай авто зам эвдэрсэн байна. Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар тус чиглэлийн замаар зорчихгүй байхыг анхаарууллаа. Уг замыг орон нутгийн хөрөнгөөр аймгийн төвөөс баруун сумдынхаа чиглэлд тавьсан юм. 
Булган болон Баяндалай сумдаас ирүүлж буй мэдээгээр хөдөөгийн айлууд усанд автах, мал осгосон гэх мэдээ байгаа боловч хохирлын талаар мэдээлэл одоогоор ирээгүй байгаа аж. Өмнөговийн зарим суманд өглөөний 10 цагийн үед бороо үргэлжлэн орж байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 7, 8 дугаар саруудад түр зуурын усархаг, дуу цахилгаантай бороо, мөндөр орох төлөвтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээ мэдээллийг тогтмол хүлээн авч,  ажил амралтаа зохион байгуулах, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр голын ай сав болон, нуур, цөөрөм рүү явуулахгүй байх, архи согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг мөн анхаарулсан юм. 
Д.Мишигсүрэн

相关新闻