Сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох сургалт Завханд эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Бид Чингисийн үр сад, "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг 9-р сарын 5-аас 20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо түүхээр бахархах, өөрийгөө ялах чадвартай, бусдын төлөө сэтгэлтэй болгох, найз нөхдөөсөө суралцах, сурсанаа бусадтай хуваалцах, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох зорилготой ажээ. Тус арга хэмжээг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар, УИХ-ын дэд даргын ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, дотоодын болон хилийн цэрэг, Завхан аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээнд аймгийн хэмжээнд 9 бүсэд энэхүү сургалтыг зохион байгуулж, ЕБС-ийн 11, 12-р ангийн сурагчид хамрагдах юм байна. Сургалт 9-р сарын 5-12-ны өдрүүдэд бүсийн төв буюу суманд болж, цэргийн анхан шатны мэдлэг чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, эх орны түүх, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт зэргийг зохион байгуулах юм. Харин 9-р сарын 12-20-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд хээрийн штабын зохион байгуулалтаар нэгдсэн сургалт хийгдэх ажээ. Энэ үеэр цэрэг марш тактикийн тэмцээн зохион байгуулах, нийгэмд тустай бүтээн байгуулалтад оролцуулах, олны танил хүмүүсийн цуврал лекц, урлаг соёл, спортын үйл ажиллагааг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал арга хэмжээнд оролцож буй хүүхдүүд ойн цэвэрлэгээ, зам засварын ажилд туслан оролцох юм байна.
Б.Мягмарсүрэн