Баян-Өлгийн багш нар энэ сарын 10-наас ажил хаялтад нэгдэнэ гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын хэмжээнд болж буй сургууль, цэцэрлэгийн багш нарын ажил хаялтыг дэмжиж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кеншилик хэлсэн үгэндээ: "Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс авахуулаад иргэдийн цалин хангамжийн асуудлыг Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гурвуулаа ярьж байгаад тогтоох ёстой. Төр засгийн зүгээс уг асуудлуудыг нөгөө талдаа тохиролцоогүй байж бие даан шийдвэр гаргаж олон нийтэд зарласан нь хууль зөрчсөн үйлдэл. Түүнчлэн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нөгөө тал ажил хаях хүртэл тэмцлийн арга хэмжээ авах эрх нь хуулиар нээлттэй байгаа. Нийгмийн сайн сайхны төлөө явж байгаа хөдөлмөрчдийн үнэлэмжийг дээшлүүлэх нь төрийн үүрэг. Харин иргэд хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэх ёстой" гэв.
Түүний тайлбарласнаар одоогийн байдлаар аймгийн төвийн долоо, хөдөө сумдын найман сургууль ажил хаяхаа мэдэгджээ. Мөн бусад сургууль, цэцэрлэгүүдийн хувьд асуудлыг хэлэлцэж байгаа аж. Ажил хаяхын тулд таваас дээш хоногийн өмнө хурлаа хийж, эрх бүхий этгээдэд мэдэгдсэнээр хуулийн дагуу эрх нь үүсдэг байна.
Дээрх сургуулиудын хуульд заасан тав хоногийн хугацаа энэ сарын наймны өдөр дуусгавар болох тул 10-ны өдөр буюу ирэх даваа гарагаас ажил хаялтад нэгдэхээр болжээ.
Ө.Нурболат