Б.Бямбасайхан: Монголын хөгжлийн дараагийн шат бол дэд бүтэц

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-12-11 12:40:55

ТОКИО. /Nikkei/. Түүхий эдийн үнийн супер мөчлөг дууссаныг зарим судалгаа харуулж байна. Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай Монгол Улс нүүрсний эрэлт ихтэй БНХАУ-аас маш их хамааралтай нь Монголын ирээдүйд сайнаар нөлөөлөхгүй. Харин Монголын төрийн өмчийн хамгийн том “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Монгол Улс хөгжлийн шинэ шатанд орсон бөгөөд уналтад орж байна гэж хэлэхэд дэндүү эрт байна гэж мэдэгдэв.

Азийн хөгжлийн банкны мэргэжилтэн асан, Жорж Вашингтоны их сургуулийн төгсөгч тэрбээр Токио хотод саяхан айлчлахдаа Монгол дахь бизнесийн боломжуудын тухай “Nikkei Asian Review”-тэй ярилцсан байна.

2011-2013 онд Монголын ДНБ хоёр оронтой тоогоор өсөж байсан боловч 2015, 2016, 2017 оны өсөлт 3.5 хувьтай байна гэж Олон улсын валютын сан үзэж байна. Энэ талаар та хөрөнгө оруулагчдад юу гэж хэлмээр байна?

“Уул уурхай дэд бүтцийг хөгжихөд хүргэнэ” гэж хэлмээр байна. Монгол нүүрс, алт, төмрийн хүдэр, зэс гээд байгалийн баялаг арвинтайг хүн бүр мэднэ. Миний бодлоор хөгжлийн дараагийн шат бол дэд бүтцийн салбар юм. Төмөр зам, цахилгаан станц, дамжуулах шугам, усны дэд бүтэц зэргийг хөгжүүлснээр Монголын зах зээлийг БНХАУ, Япон, хоёр Солонгос, Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн орнуудын зах зээлтэй холбох боломжтой болно. 10, 15, 20 жилийн дараах Монголыг харвал инженер болон барилгын компаниудад асар их боломж бий.

Монгол нь аж үйлдвэрийн хэрэглээнд зориулсан чухал материалуудыг агуулсан арал юм. Уг арлыг эх газар, зах зээлтэй холбох хэрэгтэй. Үүнд төмөр зам чухал үүрэгтэй.

Дэлхийн хэмжээний нүүрсний орд болох “Тавантолгой”-г манай компани 100 хувь эзэмшдэг бөгөөд бид экспортоо ачааны машинуудаар хийдэг. Төмөр зам тавьснаар бид зардлаа 50-70 хувиар бууруулах боломжтой. Ингэснээр Австрали, Индонез зэрэг гол өрсөлдөгчтэйгөө үр дүнтэй өрсөлдөх боломжтой болно.

Төмөр зам тавих төлөвлөгөө байна уу?

Үе шаттайгаар төмөр замын сүлжээг бий болгох иж бүрэн төлөвлөгөө байгаа. “Тавантолгой” ордыг Монголын зүүн нутгийн хилтэй холбох төмөр зам тавих ажилд Японы компани, хөрөнгө оруулагчид хэрхэн оролцох тухай тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчлах үеэрээ сонирхож байсан.

Монголын уул уурхайг өргөжүүлж, түүнд хөрөнгө оруулалт хийх нь чухал. Ингэснээр үйл ажиллагааны хүчин чадал тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Мөн төмөр зам тавьснаар эдийн засгийн хувьд үр дүнгээ өгөх юм. Үүний дараа олон улсын хөгжлийн банк, арилжааны банк, зээл олгох байгууллагуудыг татах боломжтой болно.

Таны уулзсан компаниуд ямар хариулт өгсөн бэ?      

Монголд хөрөнгө оруулалт хийж байсан туршлагатай Японы хэд хэдэн компани бий. 1996 онд “KDDI” болон “Sumitomo” корпораци Монголын “Newcom” компанитай хамтран хамгийн том үүрэн утасны оператор “MobiCom”-ыг байгуулсан.

“MobiCom” анх хагас сая хэрэглэгчтэй байсан бол одоо гурван сая хэрэглэгчтэй болж өргөжсөн байна. Энэ нь Монголд орчин үеийн интернэт, яриа, мессежний хэрэглээг бий болгосон бөгөөд монголчуудын амьдралын хэв маягийг өөрчилж, томоохон эргэлтийг авчирсан хөрөнгө оруулалт байсан. Үүний нэгэн адил Японы компаниуд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна.

Одоо уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхэд санаа зовоох шалтгаан байна уу?.

БНХАУ-ын эрэлт буурсан зэрэг нөхцөл байдалд тохируулж, зах зээлд өөрчлөлт орж байна. Дэлхийн хэмжээний зэс, алтны “Оюутолгой” ордын 34 хувийг манай компани эзэмшдэг. Тус ордын далд уурхайн бүтээн байгуулалтын таван жилийн ажилд зарцуулах 6 тэрбум долларын санхүүжилт удахгүй орж ирнэ. Уг санхүүжилтийг олон улсын 20 банк хамтран олгох бөгөөд энэ нь уул уурхайн төсөлд оруулж буй дэлхийн хамгийн том санхүүжилт юм. Тооцоолсны дагуу хэдэн жилийн дараа зах зээл сэргэхэд бид бэлэн болсон байх болно.

БНХАУ-ын эрэлт сэргэх үү?

БНХАУ-д шинэ хандлага бий болсон. Тэр нь “Нэг бүс, нэг зам” санаачилга юм. Үүний хүрээнд санхүүжилт, төслүүдийн шинэ давлагаа бий болно. Энэ нь бидэнд БНХАУ-аас цааших зах зээлд бага зардлаар нэвтрэх боломжийг ирэх 20 жилийн хугацаанд олгоно. Бид үүнийг ашиглахыг хүсэж байна.

Д.Нямтулга

 

Related news