Цас нимгэн Өлзийтийн нутгаад малчид адуугаа оторлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-15 16:05:59

Мал сүргийн тооллого явагдаж байгаатай зэрэгцэн сумын Засаг дарга нар отрын малчдаа эргэх, мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах ажлыг зохион байгуулж байна.

Отор нүүдэл, өвөлжилтийн байдлын талаар зарим сумын Засаг даргаас тодрууллаа. Гурвансайхан сумын Засаг дарга Д.Төмөртогтох аймгийн баруун талын Луус, Хулд, Дэлгэрхангай, урд талын Өлзийт сумын нутагт оторлож яваа малчдаа эргэсэн байна. Эдгээр сумын нутагт Гурвансайханы 40 гаруй малчин өрхийн 60 гаруй мянган мал оторлож байгаа бөгөөд одоогоор өвөлжилтийн байдал хүндэрсэн зүйлгүй, сайн байгааг Засаг дарга хэлж байна.

Малчид хороо хондтой, цас нимгэн, өвстэй нутаг олж чадсан  байна. Гэхдээ өвлийн сар яагаа ч үгүй тул цас лавшран орвол хэрхэх вэ гэдэгт санаа зовниж байгаагаа малчид Засаг даргадаа учирлажээ.

Өлзийт сумын Хонгилын зоо хэмээх газар тус сумын 1000 гаруй адуу оторлож байгаа бөгөөд Хонгилын зоо, Тагтаас цааш гарч нутаглахаар одоо ч малчид нүүж байна. Оторлож буй сумаас нь төрийн үйлчилгээ үзүүлж, өнтэй сайхн өвөлжихөд дэмжлэг туслалцаа үзүүлэх үүднээс  Хулд, Сайнцагаан, Өлзийт сумын Засаг даргатай отрын гэрээ байгуулсныг сумын Засаг дарга хэллээ.

Дэрэн сумын хувьд нийтдээ 190 гаруй мянган мал өвөлжих урьдчилсан тооцоотой. Одоогийн байдлаар Төв, Говьсүмбэр, Хэнтий аймгийн нутагт 20 гаруй өрхийн 15 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 15 өрхийн 10 шахам мянган мал оторлож байгаа бол нутагтаа 320 гаруй өрхийн 160 гаруй мянган мал өвөлжиж байгааг сумын Засаг дарга Н. Мядагмаа хэллээ.

Нутагтаа өвөлжиж байгаа малчдын хувьд өвлийн бэлтгэлээ боломжийн сайн хангасан байна. Малчид хувьдаа 1130 гаруй тонн гар тэжээл бэлдэж авсан бол сумын нөөцөд 50 тонн өвс, 11 тонн багсармал тэжээл нөөцөлжээ.

Зун, намартаа хур бороо багатай байснаас бэлчээрийн гарц тааруу. Цас нэмж ахиу орвол мал аж ахуйн өвөлжилт хүндрэх нөхцөлтэй. Бод мал, ялангуяа адуу өвөлжих боломжгүй учраас малчид адуугаа авч Өлзийт, Гурвансайхан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын нутагт оторт гараад байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news