Махны үнэ өнгөрсөн сарынхаас 500 төгрөгөөр хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-16 17:31:14

Өнөөдрийн байдлаар Мандалговь хотод махны үнэ ханш урьд сарынхаас 300-500 төгрөгөөр буурсан байдалтай байна. Нэг кг ямааны мах 2000, хониных 3000, үхэр, адууны мах 4000 төгрөгийн ханштай байгаа бөгөөд энэ нь малчдын өөрсдийн нь худалдаалж байгаа үнэ юм.

Хүнсний захын гадна талбайд малчид өөрсдөө зогсч мах худалдаалж байгаа нь ченжүүдэд бөөнөөр нь өгчихийн оронд  бага ч гэсэн ахиу үнээр хэрэглэгчдэд худалдах гэсэн санаа бөгөөд борлуулалт төдийлөн сайнгүй байгааг хэлж байна.

Урьд нь зах дээр үхрийн мах ховордуу байдаг байсан бол өнөө жилийн хувьд үхрийн мах элбэг, үнэ ч хямд байгаа юм.

Үхрийн махны нийлүүлэлт нэмэгдсэнийг малчид тайлбарлахдаа, нэг талаар хатуухан өвөл болох байх гэсэн болгоомжлолоор цас зудад тэсвэр муутайгаар нь, нөгөө талаар бог малын махны ханш муу байгаа тул олон мал нядлахын оронд арай ахиу үнэтэй, жин даахаар нь үхрээ махлан худалдаж байгааг хэлж байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news