Ховд дахь аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлөхөөр хуулийн төсөлд тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 16:32:27

УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Ховд аймагт ажиллах үеэр уулзаж олон жил яригдсан бүсийн нэмэгдлийн талаар тордууллаа.

-Та бүсийн нэмэгдлийн хуулийг батлуулах гээд олон жил явж байна. Сүүлд бас өргөн барьсан. Энэ талаар тодруулга өгөхгүй  юу?

-Бүсийн нэмэгдлийн хуулийн тухайд 2011 онд өргөн бариад УИХ хэлэлцэх эсэхийг шийдээд байж байтал 2012 оны шинэ парламент бүрдсэн. Үүнээс хойш энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй гурван жил болчихлоо. Энэ хуулиараа би алслагдсан бүс нутгуудад амьдарч байгаа иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг нь бууруулах асуудлыг тавьж байсан. Орлогыг нь яаж нэмэгдүүлэх вэ гэхээр цалин, тэтгэвэртэй иргэдийн цалин тэтгэвэр дээр нь тодорхой хэмжээний нэмэгдэл олгодог байх гэж оруулсан. Мөн алслагдах тусмаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг, тэр хэмжээгээрээ зардал нь их байдаг. Зардлыг бууруулах гэдэг нь хил боомтоор орж ирж буй өргөн хэрэглээний барааны татварыг тэглэх, хөнгөлөх асуудал юм. Тиймээс орлогыг нь нэмэгдүүлж, зарлагыг нь бууруулах арга хэмжээ авах юм бол хаана ч амьдрах таатай нөхцөл бүрдэнэ. Мөн Улаанбаатар хот руу нүүх, төвлөрөх асуудал багасна гэсэн үүднээс энэ хуулийг санаачилсан юм. Харамсалтай нь энэ хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй өдий хүрлээ. Түүнчлэн энэ асуудал дээр нэмээд бүсийн хөнгөлөлт гэдэг зүйл давхар явж байгаа. Энэ тухай хууль санаачлаад өнгөрсөн 5-р сард УИХ-д өргөн барьсан. Сая УИХ хүлээж аваад хэлэлцэх асуудлын дараалалд ороод явж байна. Энэ нь “Улаанбаатараас алслагдах тусам ААН-ийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татварыг хөнгөлье. Улаанбаатараас 600 км дотор алслагдсан бол 2-хувийн хөнгөлөлт, 500-1000 км бол 5 хувь, 1000-аас дээш алслагдсан бол 9 хувийн хөнгөлөлт үзүүлье” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ААН 10 хувийн татвар төлдөг бол Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ААН 1 хувийн татвар төлнө гэсэн үг. Энэ хууль батлагдвал төлдөг татвар нь багасч зарлага нь багассанаар орлого нь  нэмэгдэх бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

А.Бямбасүрэн

Related news