Хүүхдийн төлөөх зорилтот хөтөлбөр үр дүнгээ өгч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 16:51:43

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод “Хүний хөгжлийн төлөө” зөвлөлгөөн шинэ оны босгон дээр боллоо. Аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан тус зөвлөлгөөнд нийгмийн бүхий л салбарын удирдлагууд оролцож, энэ оныхоо ололт амжилтыг дүгнэж, шинэ оны бодлого зорилтоо тодорхойлов.

Тус аймгийн нийт хүн амын 64,4 хувийг хүүхэд залуус эзэлдэг. Хүний хөгжил тэр дундаа хүүхэд залуучуудад чиглэсэн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт орон нутгийн бодлогын төвд байх учиртайг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга А.Нансалмаа тус зөвлөлгөөн дээр тавьсан илтгэлдээ онцолж байсан. Дорнод аймгийн тухайд “Хүүхдэд ээлтэй засаглал-2016”, “Хүүхэд-гэр бүл-багш хамтдаа”, “Сурагч-гэр бүл- сургууль хамтдаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн бүх сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагууд хүүхдийг хөгжүүлэх, тэднийг  урьдчилан сэргийлэх, зөв хүн болж төлөвшихөд тодорхой хувь нэмэр оруулж байна. Энэ нь 2015 оны 11 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээний 2-5 насны нийт хүүхдийн 78 хувь нь сургуулийн өмнөх боловсролд, 6-18 насны хүүхдийн 96,6 хувь нь ЕБС-д хамрагдаж, аймгийн хэмжээнд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэдэг хүүхэд байхгүй байгаа  статистик тооноос харж болох юм.

Сүүлийн 3 жилийн үзүүлэлтээс харахад Дорнод аймагт сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт жил бүр өсч улсын дунджаас 8 хувь дээгүүр байна.

Б.Туяа

 

Related news