Юанийн доллартай харьцах ханшийг дахин бууруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-31 12:21:48

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын банк /Төв банк/ үндэсний валютынхаа доллартай харьцах ханшийг 41 суурь  нэгжээр дахин бууруулж, нэг нэгжийг нь 6.4936 болгосон байна. Энэ нь 2011 оны тавдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.

"Боломжийн, тэнцвэртэй" түвшинд юанийн ханшийг хадгалах замаар тухайн валютын ханшийг тогтвортой байлгах нь чухал гэдгийг Хятадын Төрийн зөвлөл ч, Ардын банк ч урьд нь мэдэгдэж байсан билээ. Үүний зэрэгцээ тус улсын Ардын банк ханшийг тогтоохдоо зах зээлийн нөлөөлөл болон хүчин зүйлсийг өмнөхөөсөө улам илүү харгалзан үзэх болжээ. 

Валютын ханшийг “тооцох аргачлалыг нарийвчлан оновчтой болгох” шийдвэр гаргаснаа Хятадын Ардын банк мэдэгдсэний дараа энэ оны наймдугаар сарын 11-нд юанийн доллартай харьцах ханшийг тогтоох механизмыг шинэчилж эхэлсэн. Үүний дараа гурван өдрийн турш юанийн доллартай харьцах ханш 4.6 хувиар буурч нэг доллар 6.40 юаньтай тэнцэж байв. Гэвч үүний дараа ханш 6.4085-аас буураагүй бөгөөд тогтворжсон юм. Харин 11 дүгээр сарын 2-нд гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрч нэг доллартай харьцах ханш 6.3154 юань болсон боловч ханш нь дахин суларч эхэлжээ.

Хятадын үндэсний валютыг 2016 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн нөөц валютынхаа сагсанд оруулах шийдвэрийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 11 дүгээр сарын 30-нд гаргасан билээ.

Д.Жаргал

 

Related news