Даатгагдаагүй тэрэг хөдөлгөөнд оролцохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 12:00:59

Баян-Өлгий аймагт 2015 онд 7800 орчим машин техник даатгалд хамрагдан 250 сая орчим төгрөгийн шимтгэл төлжээ.

-Тус аймгийн хэмжээнд даатгалын найман компани үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт автомашины 94 хувь нь даатгалд хамрагдлаа. 82 тээврийн хэрэгсэл их бага хэмжээний осолд нэрвэгдсэнээс 76-д нь 25 659 000 төгрөгийн нөхвөр олгогдов. Техникийн үзлэг болон жолоочийн хариуцлагын, тээврийн хэрэгслийн заавал даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, торгууль тавина. Машин техникийн тоо нэмэгдсээр байгаа тул бид замын цагдаа, авто тээврийн байгууллагуудтай хамтран ажиллаж үзлэг шалгалт үе үе явуулдаг боллоо. Аливаа санамсаргүй тохиолдлоор осолд орж тээврийн хэрэгсэл нь гэмтэгсэд 72 цагийн дотор замын цагдаад мэдэгдэх журамтай. Замын цагдаагийн тодорхойлолт, ослыг баримтжуулсан гэрэл зураг, даатгалын гэрээ, тухайн машин техникийн паспорт, засварт шаардагдах үнэлгээний хэмжээ зэргийг харгалзан даатгалын байгууллага нөхөн олговор олгоно гэж албан журмын даатгагчдын холбооны тус аймаг дахь салбарын менежер Х.Нуртилек ярилаа.

  Ш.Айзаря

 

Related news