Энэтхэг Пакистантай хэлэлцээ хийж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-04 14:25:44

ШИНЭ-ДЕЛИ. /Sputnik/. Энэтхэг, Пакистаны хилд ойр орших Патанкот хотын агаарын цэргийн баазад халдлага болсныг үл харгалзан 1 дүгээр сарын 15-нд Энэтхэг Пакистантай Гадаад хэргийн сайдын түвшний уулзалт хийх  гэж байгааг тус улсын Гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээллээ.

Энэтхэгийн Пенжаб мужийн Патанкот хотын агаарын цэргийн баазад зэвсэгт этгээдүүд халдсаны дараа баазад тусгай ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэтхэг, Пакистан улсын хооронд 70 орчим жил маргаан дэгдээсэн Кашмирийн бүс нутагт хүрэх зам дагуу уг агаарын цэргийн бааз байрладаг байна.

“Патанкотод террорист халдлага болсон хэдий ч Энэтхэг Пакистантай холбоотой байсаар байх болно. Пакистаны нийслэл Исламабад хотод 1 дүгээр сарын 15-нд болох төлөвтэй байгаа Гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалтыг Энэтхэг дэмжиж байгаа” гэж эх сурвалж мэдээлэв.

Тусгай ажиллагааны үеэр аюулгүй байдлын албаны 7 ажилтан амиа алдаж, 20 нь шархадсан бөгөөд наад зах нь 4 босогчийг устгасан гэж Энэтхэгийн албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Х.Аминаа

 

Related news