Шиит санваартан болоод 46 хүнийг цаазаар авснаа зөвтгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-05 11:32:05

ЭР-РИЯД. /Reuters/. Саудын Араб улсад шиит санваартан Нимра аль-Нимраг оруулаад 47 хүнийг цаазаар авах тухай шийдвэрийг “арьсны өнгөөр болон шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхалгүйгээр үнэн шударгаар” гаргасан гэж НҮБ-ын дэргэдэх тус улсын төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурджээ.

Хүмүүсийг олноор нь цаазаар авсантай холбоотой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний байр суурийн талаар Саудын Арабын дипломатууд “гүнээ харамсч байгаагаа” илэрхийлсэн байна.

Саудын Арабын зүүн нутагт шиитүүдийн эрхийн төлөө тэмцэгч шейх Нимра аль-Нимраг оруулаад 47 хүнийг тус улсын эрх баригчид нэгдүгээр сарын 2-нд цаазаар авсан билээ. Эр-Риядын эрх баригчдын энэ үйлдэл нь Иранд эсэргүүцлийн ажиллагаа өрнөхөд хүргэсэн байна. Нэгдүгээр сарын 3-нд шилжих шөнө жагсагчид Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд болон Мешхед хот дахь Консулын газарт халджээ. Үүний дараа Саудын Арабын дипломатуудыг Иранаас нүүлгэн шилжүүлсэн билээ.

Иранаас Элчин сайдаа татаж, тус улстай дипломат харилцааны түвшнийг бууруулснаа Арабын Нэгдсэн Эмирт Улс нэгдүгээр сарын 4-нд  мэдэгджээ. Энэ өдөр тус улсаас гадна Ирантай дипломат харилцаагаа тасалж буйгаа Саудын Араб, Бахрейн, Судан улс мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

Related news