Дундговийн хүн ам 45 мянгад дөхөж өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ2015 оны жилийн эцсийн байдлаар Дундговь аймгийн хүн ам 44 мянга 926 болж урьд оныхоос 1.6 хувиар өссөнийг аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.
2011 онд 45 мянган хүн амтай байсан тус аймгийн хүн амын тоо 2012- 2014 онд буурч, 2014 оны жилийн эцэст 44 мянга 200 болоод байсан юм. Харин өнгөрсөн онд эргээд 45 мянгад дөхөж ийнхүү өсчээ.
Аймгийн 15 сумаас Хулд ,Луус, Сайхан-Овоо , Адаацаг, Өндөршил сумын хүн ам өмнөх оноос буурсан бол бусад сумын хүн ам өссөн үзүүлэлттэй байна. Өсөлт, бууралт 0.6- 4.2 хувьд хэлбэлзжээ. Нийт хүн амын 51.1 хувийг эрчүүд, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Өрхийн тоо мөн 3.2 хувь буюу 437-оор өсч 13885 –д хүрсэн бөгөөд өрхийн тоо өссөнөөр нэг өрхөд ногдох хүн амын тоо 3.2 болж буурчээ.
Шинээр мэндэлсэн хүүхдийн тоо ч мөн өссөн байна. Тоогоор авч үзвэл, 2015 онд 1095 хүүхэд шинээр мэндэлсэн нь урьд оныхоос 64 хүүхдээр буюу 6.2 хувиар өссөн бөгөөд шинээр мэндэлсэн хүүхдийн дийлэнх буюу 559 нь хүү байна.
Дундговь Т. Отгонтуяа