Баян-Өлгийнхөн гэрийн модыг Булган аймгаас авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 15:52:46

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд мод, модон эдлэлийн худалдаа наймаа эрхлэгчид хуралдав. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан энэ хуралд байгаль хамгаалах үүрэг бүхий ажилтнууд, модны бизнесчид хамрагдан, ой модны тухай хууль тогтоомж, модон материалаар худалдаа хийх журам горимын талаар хичээлд сууж, оролцогчид хоорондоо зөвлөлдөв.

Тус аймгийн нутагт ой мод эрс цөөрсөн учир хэрэглээ хэрэгцээний модыг орон нутгаас авах явдал бүрэн хязгаарлагдсан, зөвхөн ойн цэвэрлэгэхэд гарсан модыг тусгай зөвшөөрлөөр түлшиндээ авдаг болсон байна. Харин материалын модыг Завхан, Тосонцэнгэл, Увс, Булган аймгуудаас аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээний дагуу, шат дараалсан байгууллага, албан тушаалтнуудаас зөвшөөрөл авч байж тээвэрлэж авчирдаг байна.

Тус аймагт модны бизнес эрхэлдэг 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бизнес эрхлэгчдийн нэг С.Советхан ярихдаа, Зохих гэрээ, зөвшөөрлийн дагуу би модыг Тосонцэнгэлээс оруулж ирдэг, зөвшөөрөл, модны гарал үүслийн тодорхойлолт зэргийг зам зуур бас олон дахин шалгуулдаг. Энэ оноос түлшний модыг ч гаднаас авахаар болж байна. Хулгайн мод орж ирэх гэж үгүй болсон. Модны үнийн хувьд яривал Өлгийд 15х15-ын палк 20 000, таван см-ийн банз 7000 төгрөгийн үнэтэй байгаа гэсэн бол гэрийн мод үйлдвэрлэдэг Х.Сарай, -Би «Тасымал» нөхөрлөлдөө зургаан хүнтэйгээ ажиллаж, жилд гуч орчим гэрийн мод үйлдвэрлэдэг. Хоёр аймгийн дарга гэрээ хийж, улмаар сумаас, байгаль хамгаалагчдаас нь зөвшөөрлийн бичиг авч байж Булган аймгийн нутгаас авчран гэрийн модны материалтай болж байна гэж ярилаа.

        Ш.Айзаря 

Related news