Эрчим хүчний салбар сүүлийн 10 жилд анх удаа алдагдалгүй ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-15 15:55:14

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллээ Засгийн газраас тус салбарт хэрэгжүүлсэн 6 чиглэлийн голлох ажилд чиглүүлсэн. Үүн дотроо үнэ тарифт зохих зохицуулалтуудыг хийснээр сүүлийн 10 жилд анх удаа эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажилласан гэдгийг Ерөнхий сайд онцлов. Тухайлбал, өнгөрсөн онд үнэ тарифын уян хатан, олон төрөлт тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээний хүрээнд,

Нэгдүгээрт, Эрчим хүчний системийн оргил ачааллыг бууруулах, хэрэглэгчдийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор ААН, байгууллагуудад цахилгааны чадлын тарифыг нэвтрүүлж, системийн оргил ачааллын хугацаанд буюу 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэсэн хэрэглэгчийн бодит чадлыг 9000 /төгрөг. Киловатт. сар/ төг/кВт/сар-аар тооцохоор тогтоосон. Чадлын тарифыг тооцож эхэлснээр эрчим хүчний салбарын борлуулалтын орлого 20.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Хоёрдугаарт, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хэрэглэгчийн эрчим хүчний үнэд шингээсэн зохицуулалтыг хэрэгжүүлсэн буюу хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифыг шинээр тогтоож мөрдүүлсэн. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүгээс төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд дутагдаж байсан 16  тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн ба Тайшир, Дөргөний УЦС-уудын санхүүгийн алдагдлыг 1.3 тэрбум төгрөгөөр бууруулах нөхцлийг бүрдүүлжээ.

Гуравдугаарт, Үнэ, тарифын зохицуулалтуудын үр дүнд 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба мөн дүнгээр нүүрсний уурхайн өр төлбөрийг барагдуулсан аж.

Түүнчлэн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд хэд хэдэн хуулийг УИХ-аар батлуулсан байна. Үүний зэрэгцээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 2 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн өнгөрсөн оныг үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах жил болгон ажилласны үр дүнд Төвийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем алдагдалгүй ажиллаж, хуримтлагдсан өр, авлагыг бууруулсан. Өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.

Бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд ихээхэн эрчимжүүлсэн ба мөн 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтын дагуу Засгийн газар дулааны хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан станц болон Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжина. Түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ерөнхий сайд мэдээллийнхээ төгсгөлд, “Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын хувьд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгосон, үнэ тарифын бодлогод шинэчлэл хийсэн, зах зээлийн зарчмаар ажиллах, эрчим хүч импортлогч орноос экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан жил боллоо. 2016 онд “Хүртээмжтэй эрчим хүч” гэсэн зорилгыг тавьж, бүтээн байгуулалтын МЕГА төслүүдийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Эрчим хүчний салбарын өндөр насжилттай тоноглолуудыг орчин үеийн дэвшилтэт шинэ техник, технологиор солих ажлыг үе шаттайгаар хийж, хүний хүчин зүйлсээс хамаарах хамаарлыг бууруулах чиглэлийг барин ажиллах болно. Сүүлийн 3 жил хийсэн эрчим хүчний үнэ, тарифын бодлогын өөрчлөлт, зах зээлийн зарчмаар ажиллахаар тавьсан эхлэлийг үргэлжлүүлэн цаашид эрчим хүчний үнийг өөрийн өртөгт хүргэх, өрсөлдөөнийг бий болгохоор төлөвлөж байна” гэлээ.

Б.Туул

Related news