Малаа тэжээж эхэлсэн тул өвс ихээр шаардагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-18 21:33:05

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, цас нэмэгдсэн тул малчид малаа бэлчээрт гаргах боломжгүй болж, тэжээж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор өвс, тэжээл ихээр шаардагдаж байгаа талаар Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Н. Мядагмаа ярилаа.

Тус сум аюулгүйн нөөцдөө урьд оныхтой нийлээд 61 тонн өвстэй байсан нь дуусч, нэмж Улаанбаатар хотоос 300 боодол өвс татан авчирсанаа өнөөдөр буулгажээ. “Дахин 300 боодол өвс авчирна. Мөн аймаг дахь улсын нөөцөд хаваржилтад зориулж өвсний захиалга өгнө. Одоохондоо тэжээлийн нөөц байгаа. Өвс тун хэрэгтэй болж байна” гэсэн юм.

Тус сумын нутгаар цасны зузаан тал газраа 8- 13, хонхор хотгорт хунгарласан нь 30- 48 см байна. Идэш тэжээл дутагдалтай байгаагаас малын тамир доройтож эхэлсэн бөгөөд ямаа хээл хаяж, бага мал, адуу чацга алдах тохиолдол нэлээдгүй гарч байна. Чацга алдана гэдэг идэж тэжээл муу байгаагийн илрэл гэдгийг хэллээ. Хүйтний эрч чангарсан хэвээр, цас нэмж орвол мал, малчдын ахуй байдал тун хүндрэхээр байна.

Т. Отгонтуяа

Related news