“Шидэт номын найзууд”- аас шагнал хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬБСШУ-ны сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байгаа “Ном” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Шидэт номын найзууд” уран уншлагын улсын уралдаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3- р цэцэрлэгийн Б.Сүнжидмаа багштай ахлах бүлгийн хүүхдүүд тусгай байрын шагнал хүртжээ.
Эл уралдаан нутгийнхаа харъяат зохиолчдын шүлэг яруу найргийг анги хамт олноороо унших, номыг тайлбарлан ярих хүүхдийн чадвар, гоцлол уран уншлага гэсэн төрөлтэй байсан бөгөөд Б. Сүнжидмаа багштай анги эхний төрөлд нь оролцсон байна. Хүүхдүүд Дундговь аймгийн харъяат яруу найрагч П.Нямлхагвын “Чулуун тоглоом” шүлгийг уран уншжээ. Ингэхдээ уран уншлагаа дүрс бичлэгт буулгаж, уралдаанд илгээсэн аж.
“Хүүхдэд унших шүлгийг оновчтой сонгох нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл шүлгийг сонгохдоо энгийн үгтэй, цээжлэхэд хялбар, үйлдэл хөдөлгөөн хийж унших талаас нь бодолцох хэрэгтэй байдаг. “Чулуун тоглоом” бол хүүхэд уншихад маш тохиромжтой шүлэг байсан” гэж багш Б.Сүнжидмаа хэллээ.
Тус цэцэрлэгийн багш нар хүүхэд хөгжүүлэх 8 төрлийн дугуйлан хичээллүүлдэгийн нэг нь уран уншлагын дугуйлан бөгөөд хүүхдэд аль болох шүлэг сайн цээжлүүлнэ, тэр хэрээр тогтоох чадвар сайжирдаг тул шүлэг цээжлүүлэх нь бага насны хүүхдийн сургалтын гол арга зүйн нэг болдог байна.
Т. Отгонтуяа