Гватемалын нисэх онгоцны гол буудлыг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-01-21 16:49:51

МОСКВА. /RIA Novosti/. Гватемалын “Фуэго” галт уул оргилж эхэлсэнтэй холбоотойгоор "Ла-Аурора" олон улсын нисэх онгоцны буудлыг хаах шийдвэрийг тус улсын Иргэний агаарын тээврийн удирдах газар гаргажээ. Энэ тухай “EFE” агентлаг мэдээлсэн байна.

“Фуэго галт уул оргилсны улмаас агаарт цацагдсан үнс утаа газрын гадаргуугаас дээш 7680 метрийн өндөрт хуралдсантай холбоотойгоор нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг орон нутгийн цагаар 20 цагаас эхлэн зогсоолоо” гэж мэдээлэлд дурджээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Гватемалын нийслэл хотоос 50 км зайтай газар оршдог Фуэго галт уул лхагва гарагийн шөнө идэвхжиж эхэлсэн байна.

Д.Жаргал

 

Related news