Хулд сум малчиддаа өвс тэжээл зээлээр өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХулд сум аюулгүйн нөөцийнхөө өвс, тэжээлийг малчиддаа зээлээр өгсөн байна.Намар мал, махны ханш унаж, малчид бэлэн мөнгөжиж төдий л чадаагүй учраас өвөлжилт хүндэрсэн ийм үеийг малын хорогдол багатай давахын тулд өвс тэжээлийг зээлээр өгөхөөс аргагүй байгааг сумын Засаг дарга Ж. Цогтбаатар хэллээ.
Тус сумын нутгаар өнгөрсөн хугацаанд 17 удаагийн цас орж, цасны зузаан 20- 60 см- т хүрсэн. Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, явган шуургатай байгаа тул мал бэлчээрт гараагүй. Цаашид ч гарах боломжгүй болсон бөгөөд малчид малаа хотонд нь тэжээж эхэлжээ. Тиймээс өвс тэжээл ихээр шаардагдаж байгаа аж.
Өнгөрсөн намар сумын Орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө гаргаж нөөцөлсөн өвс, тэжээлээ малчиддаа зээлээр өгсөн. Одоогийн байдлаар өвс дуусч, тэжээл бага хэмжээгээр үлдсэн. Цаашид аймгийн нөөцөөс өвс, тэжээл нэмж татахаар төлөвлөж байна. Түүнийгээ мөн л зээлээр өгнө гэж сумын Засаг дарга ярьж байна.
Тус сумын малчид гадагш оторлоогүй. Зун, намартаа малаа тарга тэвээргэ сайн авахуулсан тулдаа өвөлжилт хүндэрсэн ч мал яаран муудаагүй байна.
Харин нэгдүгээр сарын дунд үеэр тохиосон нэг бус удаагийн шуурга эрс хүндрэлийг үүсгэж, бага насны мал дарагдаж үхэх, эх мал хээл хаях гэх мэтээр малын зүй бус хорогдол цөөнгүй гарч эхэлжээ.
Т. Отгонтуяа