Тайлангаа ирүүлээгүй 6 байгууллагын удирдлагын цалинг 20 хувиар хасна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-15 12:44:40

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг хэлэлцсэн байна. Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Улсын болон орон нутгийн төсөвт, Төрийн болон орон нутгийн өмчийн захиран зарцуулалтыг олон нийтэд ил тод зарлах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор “Шилэн дансны тухай” хуулийг хэрэгжүүлж эхэлсэн хэмээн Ц.Мөнхтөр мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Монгол Улсын хэмжээнд 56 төсвийн ерөнхийлөн захирагч Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай тайлангаа Засгийн газарт ирүүлэх ёстой. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 75 хувь буюу 45 төсвийн ерөнхийлөн захирагч тайлангаа ирүүлсэн байна. 11 төсвийн ерөнхийлөн захирагч www.shilendans.gov.mn цахим хуудсанд тайлангаа байршуулсан ч Засгийн газарт тайлангаа ирүүлээгүй. Эдгээр захирагч нарыг цагтаа тайлангаа ирүүлэхийг үүрэг болгосон.” гэв.

Түүнчлэн, “Тайлангаа дутуу гаргасан, зөрчил илэрсэн 6 ерөнхийлөн захирагч буюу БСШУЯ, ЭМСЯ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар болон Дархан-Уул, Дундговь, Завхан аймгийн Засаг дарга нарын сарын цалинг 20 хувиар хасах шийдвэр гаргасан” гэлээ.

Ч.Ариунболд

Related news
Comments