АНУ-ын чөлөөт бөхийн "Алдрын танхим"-д Б.Мянганбаяр дахин нэрээ мөнхөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаярыг АНУ-ын Флорида мужийн Маями хотод АНУ-ын NCAA буюу Америкийн Үндэсний их сургуулиудын тамирчдын холбооны алдрын танхимын гишүүнээр энэ сарын 2-нд өргөмжлөлөө.
Энэхүү алдрын танхимд монгол хүн анх удаа орж байгаа бөгөөд түүний оюутан ахуй цагтаа үзүүлсэн өөрийнх нь амжилт болох (NCAA)-д дивизон III-т 3 удаа жил дараалан түрүүлсэн амжилт юм. Дивизон III нь хамгийн олон баг буюу 100 гаруй багаас бүрддэг бөгөөд академик боловсролыг давхар эзэмшин суралцдаг оюутнууд өрсөлддөгөөрөө онцлогтой.
Тэрбээр одоогоос 20 жилийн өмнө Сэйнт Бэнэдикт'с дунд сургуулийг дүүргэж, Миннесота мужийн Сэйнт Жонсын их сургуульд 100 хувь тэтгэлгээр “Математик, бизнесийн удирдлага” мэргэжлээр 2011 онд бакалавр зэрэгтэй төгсжээ.
Ийнхүү АНУ-ын дунд сургууль, их
сургууль, үндэсний хэмжээнд нэрээ мөнхлөн, Монгол Улсаа олон улсын спортын
тавцанд дахин нэгэн шат ахиулж чадлаа.