Олон улсын хурал зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-15 14:48:01

Засгийн газрын хуралдаанаар “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт Япон-Монголын хамтарсан олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан хурлын зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийн дунджаас найм дахин өндөр, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр БНСУ-ын дараа ордог ч нас баралтаар тэргүүлж байгаа нь хорт хавдрын эрт илрүүлэлт болон эмчилгээний үр дүнг сайжруулах нэн шаардлагатай байгаагийн үндэслэл болж байна. Хавдар судлалын үндэсний төв болон Япон улсын Накаяма хавдар судлалын институти хамтран зургаадахь жилдээ “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдвийн дор олон улсын хурал зохион байгуулж байна. Хурлын үеэр Япон, БНСУ-ын нэртэй профессоруудын лекц, мэс засал эмчилгээг шууд дамжуулан үзүүлж, Монголын эмч нарт нотолгоонд тулгуурласан анагаах ухааны мэдлэгийг үнэ төлбөргүй түгээдэг юм.

Товч мэдээ

-  Сангийн сайдын 2014 оны 7 дугаар сарын 18-ны 162 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд “Нийслэл өргөө” ХХК хамрагдсан тул Үндэсний төв архивын нэгдсэн байрны барилгын дуусгалтын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн 0119 дүгээр ангиар шууд гэрээ байгуулах замаар үргэлжлүүлэн дуусгахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавд зөвшөөрлөө.

-  2015 оны 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

-  2015 оны 9 дүгээр сарын 21-23-нд  Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

-  Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас  Ц.Эрдэнэбилэгийг чөлөөлж, Н.Нямдавааг томиллоо.

-  Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны Чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

-  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажилласан мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

-  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хэрэгжилт нь удааширч байгаа 31 зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан гаргасан Монгол Улсын байнгын төвийг сахисан орон болох бодлогыг дэмжих асуудлыг хэлэлцэн, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Related news
Comments