ЖДҮ бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 11:54:07

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар гадаад харилцааны гол бодлогоо орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, импортыг орлосон үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглүүлж ажиллаж байна.

Энэ чиглэлээр улирагч онд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “Монгол-Хятадын анхдугаар Экспо-2015”, Альша аймгийн Эзнээ хошуутай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, хэлцэлийн дагуу БНХАУ-ын Сэхээ боомтод болдог бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд 2 удаа Баянхонгор аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид амжилттай оролцжээ.

Эдгээр үзэсгэлэн худалдаануудад давхардсан тоогоор 8 сумын 158 иргэн, ААН, байгууллагууд оролцож нийтдээ 354.8 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь манай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид цаашид үйлдвэрлэсэн бараа  бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх бололцоотойг ойлгосон үр дүнтэй ажил болсныг албаныхан онцолж байна.

Мөн тус аймгийн  40 малчин ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургууль болон сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж, малын бэлчээр ашиглалтын талаар туршлага судалсан байна.

Б.Мөнхзул

Related news