Уул уурхайн сайдын багцын орлого 15.5 тэрбум төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-24 12:22:08

Монгол Улс өнгөрсөн сард 139.7 мянган тонн зэсийн баяжмал, 475.2 мянган тонн төмрийн хүдэр, 700 кг алт болон 1.2 сая тонн нүүрс, 106.3 мянган тонн газрын тос экспортолсон талаар өнөөдөр УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг "Ил тод уул уурхай" хурлын үеэр мэдээллээ.

Үүнээс  Ашигт малтмалын газар нийт 1.8 тэрбум төгрөг, Газрын тосны газар нийт 13.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, Уул уурхайн сайдын багцын орлого 15.5 тэрбум төгрөг болжээ.

Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 49 хоногийн нөөцтэй байна. Тухайлбал, А-80 автобензин 64 хоног, Аи-92 автобензин 48 хоног, дизелийн түлш 50 хоногийн нөөцтэй байгаа юм.

Хайгуулын 995 тусгай зөвшөөрөл олгожээ

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш  995 хүсэлт буюу 5.22 сая гектар талбайд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 3915 өргөдөл цахимаар хүлээн авсан бөгөөд үүнээс 2335 өргөдөл бүртгэжээ. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 13.26 сая гектар байгаа аж. Үүнээс 3.29 сая гектар талбайд зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа бол 636 хүсэлтэд татгалзсан хариу өгчээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 500 төгрөгөөр тогтоов

Засгийн газрын энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсний Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг гэрээний үнээс тооцож авах тухай” болон “Гаалийн бүрдүүлэлтийн хураамж”-ийг бууруулах тухай Засгийн газрын шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэн батлуулжээ.

Ингэснээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ тонн тутамд 1500 төгрөг байсныг 500 болгон бууруулжээ. Энэ нь  улсын төсөвт оруулах орлого багасахаар харагдаж байгаа хэдий ч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэж татварын суурь тэлнэ гэдгийг УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг хэллээ.

Тэрбээр, “АМНАТ-ыг гэрээний үнээс тооцсноор нүүрсний уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр хадгалагдаж үлдэх боломж бүрдэнэ. Нүүрс экспортлогч аж ахуйн нэгж нь борлуулсан нүүрснийхээ худалдааны гэрээ болон бусад холбогдох мэдээ, тайланг тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлээгүй, буруу мэдээлсэн тохиолдолд АМНАТ-ийг өмнөх төлбөрөөр нь тооцно” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news