“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард зарласан боловч ирц бүрдээгүйн улмаас хойшлогдоод байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 8-нд болох талаар тус компаниас мэдээллээ.
Хурлаар компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр
томилох бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм. Компанийн тухай
хуулиар ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс 3 нь хараат бус, 6 нь жинхэнэ
гишүүд байх юм. Хараат бус гишүүнээр өндөр мэргэжил чадвар, боловсролтой, ашиг
сонирхлын зөрчилгүй, нэр хүнд бүхий хүнийг сонгох шаардлага тавьж, энэ талаар УУХҮ-ийн
сайд Д.Сумьяабазар, “ТУЗ-ийн гишүүд олон улсын түвшний шаардлагад нийцсэн
шалгуурыг давсан хүмүүс байж компанийн үйл ажиллагаа дэлхийн стандартын дүрэм
журмын дагуу явах учиртай” хэмээн мэдэгдэж байсан юм. "Эрдэнэс
Тавантолгой" ХК ТУЗ-ийн хараат бус гишүүнээ сонгон шалгаруулахад тавьсан шаардлагыг үзвэл:
- ТУЗ-ийн
гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй, бөгөөд тухайн компанитай өрсөлдөх адил
төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажил эрхэлдэггүй
байх;
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй
хамтран компанийн энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь
сүүлийн 3 жилийн хугацаанд компанийн болон компани оролцогч нь болж байгаа
компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй;
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
- Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
- Өөрийн үйл ажиллагаа, мэдлэг, боловсрол, хандлагаараа
салбартаа болон дотоод, гадаадад танигдсан, туршлагатай байх;
- Ял, шийтгэлгүй байх;
- Зээл, батлан даалт, баталгааны хугацаа хэтэрсэн аливаа
өргүй байх
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх. Компанийн
засаглалаар мэргэшсэн байх гэсэн байна.
Тодруулга: “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн одоо байгаа гишүүдийг танилцуулвал, ТУЗ-ийн даргаар нь Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, гишүүдээр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга
Х.Батжаргал, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, ЗТХЯ-ны
Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, “Эрдэнэс
Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал С.Амгалан, хараат бус гишүүнээр П.Өлзийнаран,
Х.Болор-Эрдэнэ, Э.Ганбаатар, ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар
Ш.Мөнхцэрэн нар ажиллаж байна.
Б.Болд