С.Сүх-Очир: Зөвхөн танилын хүрээнд ажил хайдаг хандлагыг өөрчилнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээлэл технологийн салбар маш хурдацтай хөгжиж буй энэ үед Монгол залуус үндэсний үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрлөх нь чухал хэмээн Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир өчигдөр болсон ажлын байрны нээлттэй өдөрлөгийн үеэр онцлов.
Тэрээр, “Мэдээллийн технологийн салбар эдийн засгийн хамгийн чухал хүчин зүйлийн нэг. Тиймээс энэ салбарын ажлын байрны асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Бид өнгөрсөн жилийн ажлын байрны өдөрлөгөөр 40 гаруй хүнийг ажлын байранд зуучилсан. Энэ жил илүү олон залуусыг ажилд зуучлахаар төлөвлөж байна.
Нийслэлд маш олон ажлын байр бий. Хамгийн гол нь залуус ажлын байраа хаанаас олох тухай мэдээлэлгүй байна. Тэд зөвхөн танилын хүрээнд л ажил хайдаг хандлага их ажиглагддаг. Энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Зарим байгууллагаас сул орон тоо асуухад хүмүүс цалин голоод явчихдаг гэсэн хариулт өгдөг нь харамсалтай. Ажил хийх гэдэг нь тухайн байгууллагад хийж өгч байгаа биш, өөрийнхөө амьдралын төлөө гэдгээ залуус ухамсарлах хэрэгтэй. Тиймээс бүхий л нөөц бололцоогоо дайчилж, өөрийгөө салбартаа таниулах нь чухал” гэв.
Шинэ хөгжлийн түлхүүр ТББ-ын гүйцэтгэх захирал
Б.Анхбаяраас ажлын
байранд тавигдах шаардлагыг тодруулахад, “Бид өнөөдөр Мобиком, New Medi
International гэх мэт олон томоохон байгууллагууд нийт 50 гаруй ажлын байр
санал болгосон. Шалгаруулалтын хувьд мэдээж ур чадвар, нэг жил энэ салбарт ажилласан
туршлагатай байх ёстой. Үүнээс гадна тухайн ажил хайгч өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлтэй
байх шаардлагатай. Хамгийн гол нь сайн ажиллаж, өөрийгөө хөгжүүлье гэсэн
хандлага нь зөв байвал тухайн ажил олгогч компани сургаад авья ч гэсэн санал
тавьж байгаа” хэмээв.
Г.Өлзийхутаг