Малын хулгайтай тэмцэх нэгдсэн арга хэмжээг найман чиглэлд хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-28 14:24:51

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цагдаагийн газраас “Малын хулгай-2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж аймгийн төвийн орох, гарах гурван чиглэлийн постон дээр 24 цагийн эргүүл хяналт хийжээ.

Хяналтын чиглэлийг 24 сумыг найман чиглэлд бүсчлэн хувааж эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулан “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нөхөн илрүүлэх” чиглэлээр идэвхтэй ажилласны дүнд 18 холбогдогчтой 13 гэмт хэргийг илрүүлжээ. Давхардсан тоогоор 4680 малчин айл өрхөөр орж санамж сэрэмжлүүлэг 256 тарааж, 1450 тээврийн хэрэгслийг түр саатуулан шалгажээ. Үүнээс 34 иргэнээс ирүүлсэн алдуул малнаас 26 нь олж өгч, 11 адууг олж эзэн нь тодортол маллуулж байна. Хяналтын үеэр мал, мах тээвэрлэсэн авто машины ачаа тээш, бичиг баримтанд үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй мал, мах тээвэрлэсэн тохиолдолд нарийвчилсэн шалгалтыг хийсэн нь үр дүнгээ өгч байгаа хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. Мөн мал, мах тээвэрлэн явж байгаа иргэд мал эмнэлэгийн гарал үүслийн гэрчилгээ, багийн даргын тодорхойлолт, малчны тэмдэг бүхий малын зүс, им, тамга, нас хүйс бичсэн тэмдэглэлийг заавал авч явах ёстой ажээ. Түүнчлэн малын мах тээвэрлэн яваа бол малын толгой, арьс, шир, шийр зэргийг зайлашгүй дагалдуулан авч явах шаадлагатай. Дээрх бичиг баримтын бүртгэлгүй мал, мах тээвэрлэн явсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар арга хэмжээг авах юм байна. Түүнчлэн замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн анхааруулав.

Хяналтын камер үр дүнгээ өгч байгаа гэв

Улиастай сумын хэмжээнд ажиллаж байгаа камеруудын тусламжтайгаар Улиастай Алдархаан сум орчмын эргэн тойронд тавигдах хяналт сайжирч малын хулгайтай тэмцэхэд ихээхэн нэмэр болж байгааг мөн Цагдаагийн газраас дуулгав.

Тухайлбал Улиастай сумын хэмжээнд 162 хяналтын камер ажиллаж байгаа. Эдгээр камерууд нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ойрын 100-500 метр орчмыг татаж таних болон, холдуулж ойртуулж татдаг хүчин чадалтай. Машины марк болон дугаар, хүний царай төрхийг тодруулж татах чадалтай. Тиймээс хулгай болон, гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдийг тухай бүр нь хянах, мөрдөх боломжтой  ажээ. Мөн гэмт хэрэг үйлдэхээр завдаж байгаа болон үйлдсэн тухай баримттай мэдээллийг 50 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн төлбөрөөр иргэдээс авч байна. 12 жилээс дээш хугацаагаар ял оногдуулахаар заасан хүнд гэмт хэргийн тухай мэдээлэл болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай террорист халдлага, мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн худалдаа, хүний наймааны гэмт хэргийн мэдээлэлд тав хүртэлх сая төгрөг, эрэн сурвалжлагдаж байгаа түүх соёлын хосгүй үнэт зүйлийн мэдээлэлд хоёр сая хүртэлх төгрөгөөр иргэдээс мэдээлэл авч байгаа хэмээн аймгийн Цагдаагийн газраас дуулгав.  

Махны ченжүүд болон үйлдвэрүүд дээр хяналт тавьж байна

Завхан аймагт гурван томоохон мах боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж иргэд, малчдаас мал, махыг худалдан авдаг. Тухайлбал аймгийн төв Улиастайд нэг, Тосонцэнгэл, Тэс сумуудад  тус бүр нэг мах бэлтгэлийн мах комбинатууд өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байгаа.

Эдгээр үйлдвэрт худалдан борлуулагдаж байгаа мал, маханд аймгийн Цагдаагийн газраас хяналт тавьж ажиллаж байгаа. Хяналтаар дээрх үйлдвэрүүдэд нядалгаанд орж байгаа малыг бүртгэлжүүлж, зурагжуулж байна. Мөн мал, мах худалдан авч үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа ченж бүхий тодотголтой иргэдийн үйл ажиллагаан дээр хяналт, бүртгэл  давхар хийж байгаа юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд малчдаас мал, мах худалдан авахдаа гарал үүслийн бичигтэй малын махыг худалдан авах, бичиггүй малын мах худалдан авсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахуулах зэрэг санамжийг хүргүүлсэн байгаа ажээ. Ингэснээр дээрх үйлдвэрүүд болон мал, махны ченж нарыг хулгайн мал худалдан авахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа нь ч үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш аймгийн төвд 1870 адуу, 2100 үхэр, 8400 бог мал мах комбинатуудад нядалгаанд орсон тоон үзүүлэлттэй байна. Одоогоор хулгайн мал, мах худалдан борлуулагдаагүй байна. Энэ оны 11-р сарын байдлаар аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 20 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 нэгжээр буюу 100 хувь өссөн байна. Малын хулгайн илрүүлэлт 60 хувьтай байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан дүнтэй байгаа талаарх мэдээллийг Завханы Цагдаагийн газраас мэдээлэв. 

Related news