Макрон Renault-Nissan-Mitsubishi нэгдэлтэй холбоотой асуудлыг Абэтэй биечлэн хэлэлцэх хүсэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /Koyodo/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй биечлэн уулзаж, Renault-Nissan-Mitsubishi нэгдлийн тэргүүн асныг баривчилсантай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлыг, мөн эдгээр компанийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах хүсэлтэй байгаа тухай “Mainichi Shimbun” сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, хоёр орны удирдагчид энэ долоо хоногт Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод эхэлж байгаа “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах ёстой. Одоогийн байдлаар Япон болон Францын Засгийн газар хэлэлцээний эцсийн шатанд явж байгаа юм.
Дээрх гурван корпораци өмнө нь байгуулсан нэгдлийн хүрээнд цаашид хамтран ажиллах хэвээр байгаагаа урьд нь гаргасан хамтарсан мэдэгдэлдээ илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч Nissan компани хувьцааных нь 43.4 хувийг Renault эзэмшиж байхад тэд франц түншийнхээ хувьцааны дөнгөж 15 хувийг эзэмшдэгт, мөн тус компанийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлоход санал өгөх эрхгүй байгаад дургүйцэж байгаа юм. Nissan-ий одоогийн удирдлага мөн Японы корпорацийг Renault-ийн төлөөлөгч тэргүүлэх ёстой гэж гэрээнд тусгасныг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Карлос Гон болон түүний ойрын хүрээнийхний нэг бөгөөд Nissan-ий захирлуудын зөвлөлийн гишүүн Грег Келлиг Японы санхүүгийн хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэн Токиогийн Прокурорын газрын тусгай мөрдөн байцаах багийнхан 11 дүгээр сарын 19-нд баривчилсан билээ.