Катар улс ОПЕК-оос гарахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГДОХА. /TASS/. Катар улс Нефть экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК-ийн бүрэлдэхүүнээс гарахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Эрчим хүчний сайд Саад бен Шарида аль-Кааби Доха хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Түүний мэдэгдлийг төрийн мэдлийн нефтийн компани болох “Qatar Petroleum” “Twitter” дэх албан ёсны хуудастаа нийтэлсэн байна.
“Катар улс 2019 оны нэгдүгээр сараас эхлэн ОПЕК-ийн гишүүнчлэлээс гарахаар шийдлээ. Энэ шийдвэрийнхээ талаар ОПЕК-ийн удирдлагуудад даваа гарагийн өглөө мэдэгдсэн" гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр, Катар улс ирэх жилүүдэд байгалийн хийн жилийн олборлолтыг 77 сая тонноос, шингэрүүлсэн хийн жилийн олборлолтыг 110 сая тонноос нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж буйтай холбоотойгоор ОПЕК-оос гарахаар шийджээ.
Катар улс дээрх мэдэгдлийг хийсний дараа Лондоны ICE биржийн арилжааны явцад Brent маркийн нефтийн ирэх оны хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ бага зэрэг буюу 16 центээр буурч, нэг торх нь 62.16 ам.доллар болсон бөгөөд энэ нь өмнөх арилжааны хаалтын ханшаас 4.54 хувиар өссөн үзүүлэлт аж.