Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /TASS/. Хэрэв АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн түр зогсолт үргэлжилж, улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй гэж олон улсын үнэлгээний Fitch агентлаг лхагва гарагт анхааруулжээ. АНУ-ын зэрэглэл одоогоор хамгийн өндөр буюу ААА түвшинд байгаа юм.
“Түр зогсолт гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжилж, хэдэн сарын дараа өрийн таазтай холбоотой асуудал үүсвэл бид тус улсын зээлжих зэрэглэл ААА үзүүлэлтэд нийцэх эсэхийг эргэн харахаас аргагүйд хүрч магадгүй” гэж Fitch агентлагийн зээлжих зэрэглэлийн газрын дарга Жеймс Маккормак Лондон хотод лхагва гарагт мэдэгдсэнийг Reuters агентлаг уламжилсан байна.
Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотойгоор АНУ-ын Засгийн газар үйл ажиллагаагаа өнгөрөгч 12 дугаар сарын 22-ноос түр зогсоосон билээ.
АНУ-ын хуульд заасны дагуу, тус улсын Засгийн газар зээлийг 2019 оны гуравдугаар сарын 1 хүртэл хязгааргүй хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой. Үүний дараа улсын өрийн дээд хязгаарыг тогтоодог бөгөөд гуравдугаар сарын 1-нд тогтоосон өрийн хэмжээнээс дээш зээл авах боломжгүй болно. 2007-2008 оны санхүү-эдийн засгийн хямралын дараа АНУ өрийн дээд хязгаараа хэд хэдэн удаа нэмэгдүүлсэн бөгөөд тухай бүрд Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын хооронд улс төрийн маргаан өрнөж байжээ.