“Сэлэнгэ-2016” сургуулилтын үеэр “3D” загварыг ашиглана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМУЛААН-ҮД. /TASS/. Буриадад байрладаг, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн /ДЦТ/ цэргийн нэгтгэлийн байр зүйчид Бурдуны сургуулилтын талбайн 3 хэмжээст загварыг бэлтгэжээ. Энэ загварын тусламжтайгаар “Сэлэнгэ-2016” олон улсын хээрийн сургуулилтын тактикийн төлөвлөгөөг боловсруулна гэж цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээллээ.
Тус албаны дарга Александр Гордеевийн ярьснаар, “өнгөрсөн оны сүүлээр дээрх нэгтгэл ангийн хэрэгцээнд нийлүүлсэн байр зүйн тоон системийг ашиглан дээрх ажлыг гүйцэтгэжээ”.
Системын модулийг "Урал" маркийн автомашин дээр угсарч, орчин үеийн өндөр технологи ашиглан бүтээсэн төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд уг төхөөрөмжийг ашиглан байр зүйн зураг болон тухайн газар орны орон зайн загварыг хэвлэн гаргах боломжтой. Орчин үеийн энэ төхөөрөмж нь тухайн газар орны байдлын талаарх мэдээллийг компакт дискэнд хадгалах, хянах, дамжуулан олгох үйлдлийг гүйцэтгэнэ. Түүнчлэн геомэдээллийн баримт бичгүүдийг тоон болон аналоги байдлаар богино хугацаанд хэвлэх ба шинэчилдэг.
Түүнээс гадна, хээрийн сургуулийн талбайн виртуаль зураглалыг ашиглан тактикийн нөхцөл байдлыг загварчлах, үүрэг гүйцэтгэх явц дахь анги нэгтгэлүүдийн боломжийг тооцдог байна.
“Сэлэнгэ-2016” олон улсын хээрийн сургуулилт энэ оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 7 хүртэл Бурдуны цэргийн сургуулилтын талбайд болох бөгөөд түүнд Орос болон Монголын 1000 орчим цэргийн албан хаагч оролцох юм.
Сургуулилтын явцад хоёр орны цэргийн хамтарсан бүлэг нь тухайн заасан бүсэд аюулгүйн бүс байгуулах зорилго бүхий терроризмтой тэмцэх ажиллагааны тактикийн ажиллагааг боловсруулна. Түүнчлэн хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг бүслэн устгах тактикийг боловсруулах ажээ.
Д.Жаргал