Усны нөхөн төлбөрийг зөв зохистой нээлттэй зарцуулах хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн
төвөөр урсах Чигэстэй голын урсацын хэмжээ сүүлийн 30 жил тасралтгүй буурч
байгааг мэргэжлийнхэн мэдээллээ. Гэхдээ зарим хур бороотой жил
урсац нь нэмэгдэж нөхөгддөг хэдий ч усны хэмжээ буурч байгаа ажээ.
Завхан аймгийн гадаргын усны нөөц 3.16 км.куб, газрын доорх усны нөөц 1.14 км.куб гэж тогтоогдсон боловч үүнээс ашиглах боломжтой нь 0.57 км.куб байдаг байна. Чигэстэй голын тухайд гадаргын ба гүний усаараа Улиастайчуудын ундны усны хэрэгцээг хангадаг гол юм. Гэтэл өнгөрсөн жил гэхэд тус голд машины масло асгасан тохиолдол гарч байсан.
Өнөөдөр иргэдийн ундны усны эрүүл ахуйн тухай мэдлэг тийм ч хангалттай бус байсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор усны нөөцийг бохирдол хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах, тэдэнд зөв мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг мөн албаныхан дуулгав.
Харин энэ сарын 1-ний өдөр Ус дэд хөтөлбөрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, байгаль орчны талаарх үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын төлөөлөл, шийдвэр гаргах түвшний удирдлагууд иргэдийн төлөөлөл нийлсэн 60 гаруй иргэн оролцжээ. Хэлэлцүүлгийн үеэр Завхан аймагт "Ус" үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн аймгийн дэд хөтөлбөрийг 2016-2021онд хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх ажил жил бүр зохион байгуулж байгаа. Аймгийн төвийн иргэдийн цэвэр усны хангамж, цэвэр усны хадгалалт хамгаалалт ямар түвшинд байгаа, иргэдийг голын ус бохирдуулахгүй байх, цэвэр усны нөөц ундарга газрыг хашиж хамгаалах талаарх аймгийн төлөвлөгөөг иргэдэд энэ үеэр танилцуулжээ.
Түүнчлэн аймгийн БОАЖГ, аймгийн ЗДТГ, ТББ-уудын хамтын ажиллагааны дүнд цэвэр усны эх, ундаргыг хашиж хамгаалах үйл ажиллагааг өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүлж нийт 320 гаруй иргэнд мэдээлэл сурталчилгааны ажил хийсэн гэв. Харин иргэдээс цэвэр усны нөөц бүхий газар нутаг дээр газар олгохгүй байх, усны эх ундаргыг хашиж хамгаалж буй иргэдийн нөхөрлөлүүдийн тоог нэмэх, иргэдэд соён гэгээрүүлэх талын ажлыг мэргэжлийн байгууллагууд шат дараатай эрчимтэй үйл ажиллагааг явуулах, голын сав газар хайрга олборлох үйл ажиллагааг явуулж байна. Уул уурхайн компаниудын гүний ус, голын усыг ашиглаж буйд хяналтаа чангатгах, нөхөн төлбөрийг гаргуулах, усны нөхөн төлбөрийг эргээд усыг хамгаалах олон талын үйл ажиллагаанд нээлттэй зарцуулахыг холбогдох албаныханд дуулгажээ.
Ундны усны хадгалалтыг зөв болгох нөлөөллийн ажил үр дүнгээ өгчээ
Мөн үеэр Монголын эмэгтэйчүүдийн
сан, Нидерландын Засгийн газрын GGA-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Улиастай
сумын Богдын гол багийн ундны усны аюулгүй байдал, хуванцар савны хэрэглээнд
үнэлгээ хийх нөлөөллийн төслийн талаарх мэдээллийг төслийн багийнхан өглөө.
Төслийн хүрээнд хүн амын эрүүл мэндэд хуванцар савны хор хэрхэн нөлөөлж байгааг судлах, ундны усыг шинжилгээнд хамруулж, санамсаргүй түүврийн аргаар 60 өрхөд эрүүл мэндийн судалгаа хийжээ. Түүнчлэн эхний судалгаанд хамрагдсан өрхийн гишүүддээ эрүүл мэндийн сургалт хийж, үзлэг шинжилгээнд хамруулан үр дүнг тооцсон байна.
Мөн Богдын гол багийн өрх, гэр, иргэдийн хүнсний зориулалтаар хэрэглэж байгаа хуванцар савыг хэрэглүүлэхгүй байх, төмөр саванд ундны усаа хадгалах аяныг өрнүүлээд байгаа аж. Хоёр дахь судалгаа дуусаагүй байгаа бөгөөд судалгаа нөлөөллийн дүнд тус багийн нийт иргэдийн хуванцар савны хэрэглээг 70 хувь бууруулах зорилт тавьжээ.
Хүнсний зориулалтын бус хуванцар савыг хэрэглэснээр хүний мэдрэлийн системийг хордуулдаг байна. Иргэд хуванцар савыг эрүүл мэндэд хортой хар тугалганы агууламж нь өндөр гэдгийг мэдсээр байж өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний усанд хийсэн шинжилгээний дүнтэй харьцуулахад төмрийн агууламж хоёр дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,11мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,24 мг/л/, нитритийн агууламж 11 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,01 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,11 мг/л/, аммиакийн агууламж 48 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,17 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 8,23 мг/л/ гарсан байна.
Тиймээс төслийн зүгээс иргэдийн хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг хийж өнөөдрийн байдлаар Богдын гол багийн эхний судалгаанд хамарсан 120 гаруй өрхийн 80 хувь нь нөлөөллийн ажлын дараа хуванцар саваа төмөр саваар сольсон сайн жишээг дуулгав. Цаашид иргэдэд хуванцар саванд ундны усаа хадгалахгүй байх, голын ай сав дагуу болон голоос ундны ус хэрэглэхгүй байх нөхцөлөөр хангаж, ундны усны нэгдсэн хангалт, худаг усны тоог нэмэх, цэвэр усны нөөц газрыг хамгаалах талаар холбогдох албаныхныг дорвитой ажил хийх нь чухал гэв.

М.Дуламжав: Богдын
гол багийн иргэд усан сантай болноМөн хэлэлцүүлгийн үеэр өнгөрсөн жил
амжилттай хэрэгжсэн “Аюулгүй
ус-Амьдралын баталгаа” төслийн удирдагч М.Дуламжаваас
тодруулга авлаа. Тус төсөл нь Улиастай
сумын усны аюулгүй байдлыг хангах бодлогын нөлөөлөл хийснээр
эмэгтэйчүүдийн цэвэр аюулгүй усаар хангагдах, аюулгүй орчинд амьдрах эрхийг
хангахад хувь нэмэр оруулах зорилготой таван сарын
турш хэрэгжсэн төсөл юм.

