Манай улс төвийг сахилаа ч өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-18 11:51:02

Ерөнхийлөгчөөс Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Хуулийн төсөлтэй холбогдуулж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос байр суурийг нь тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс Төвийг сахих бодлогыг дэвшүүлж байгаа. Салбарын яам энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төвийг сахих бодлогын эерэг болон сөрөг тал юу байх вэ гэсэн судалгааг бүхий л салбарынхан хийж байгаа. Манай салбарын эрдэмтэн судлаачид, салбартаа олон жил ажилласан туршлагатай алба хаагчид дүгнэлт гарган, ярилцаад явж байна. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны шугамаар хойд, урд хоёр хөрштэйгээ зөвлөлдөх, тодруулах ажил давхар хийгдэж байна. Салбарын зүгээс ойрын үед ахмадууд, эрдэм шинжилгээний ажилтнуудыг Ерөнхийлөгчтэй уулзуулж, энэ чиглэлээр боловсруулалтаа ахиулахаар ажиллах гэж байна.

-Хуулийн төсөл батлагдвал манай улс энхийг сахиулах ажиллагаанд оролцох уу?

-УИХ-д оруулж ирсэн төсөлд энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэсэн заалттай.

-Тус хуулийн төслийг УИХ баталсан тохиолдолд манай улс ямар түвшний цэрэг зэвсэглэлтэй байна гэсэн үг вэ? Одоогийн цэрэг зэвсэглэлд ямар нэг өөрчлөлт орох уу?

-Төвийг сахих бодлого хэрэгжлээ ч гэсэн өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх ёстой гэж үзэж байгаа. Ер нь төвийг сахих бодлого гэдгийг энгийнээр хэлвэл өөр өөрийгөө хамгаалах чадвартай, гэхдээ ямарваа нэг дайн байлдаанд оролцоод байх сонирхолгүй байх бодлого л доо.  Бид төвийг сахих болвол улам л өөрийгөө хамгаалах чадвараа нэмэгдүүлэх ёстой юм.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news