Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2000 гаруй иргэн тайван жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-09 21:20:06

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх бүх нийтийн алхалт, тайван жагсаалыг зохион байгуулж 2000 гаруй хүн оролцлоо.

Бүх нийтийн алхалт, тайван жагсаалд иргэд сайн дураараа нэгдэж охид эмэгтэйчүүдээ хайрлая, эмэгтэйчүүд нийгмийн бүхий л салбарт эрхээ хамгаалуулах эрхтэй, охидын хүчирхийлэл үйлдэгчийг тэвчихгүй, хүчирхийллийг хүчирхийлэгч өөрөө зогсоож чадна гэхчлэн уриа лоозон барьж жагсжээ. Мөн тайван жагсаалд оролцогчид эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана нэртэй зургийг өөр өөрийнхөө өнгө төрхөөр будаж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан утга бүхий уран зургийг зуржээ. Үргэлжлүүлэн аймгийн ЗДТГ, Завхан аймгийн эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын хамтарсан эмэгтэйчүүдээ сонсъё нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Энэхүү уулзалтад 400 гаруй эмэгтэй оролцож эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй хэлэлцэж шийдвэр гаргах түвшний удирдлагуудад санал, хүсэлтээ уламжилжээ. Хэлэлцүүлгийн үеэр аймгийн ТББ-ууд төрийн байгууллагууд цаашид эмэгтэйчүүдийн эрхийн чиглээр үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулахаар боллоо. Мөн өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байр буюу аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвд буй эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй аймгийн Засаг дарга болон аймгийн ТББ-уудын төлөөлөл уулзаж нөхцөл байдалтай танилцан гарын бэлэг гардууллаа.

Өнөөдрийн байдлаар тус төвд насанд хүрсэн хоёр эмэгтэй, долоон хүүхэд байрлаж аюулгүй байдлаа хамгаалуулж байна. 2019 он гарсаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн найман насанд хүрэгч, 13 хүүхэд энэ төвөөс үйлчилгээ авчээ. Сүүлийн үед Завхан аймагт хүүхдүүд цахим хүчирхийлэлд өртөх тохиолдол өсөх хандлагатай байгаа учраас эцэг эхчүүд, багш нар энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсныг тус төвийн сэтгэл зүйч дуулгалаа. 

Related news