Ахуйн үйлчилгээний төв ашиглалтад орсноор 30 гаруй өрх ажлын байраар хангагдах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханы
Цэцэн-Уул суманд 2018 онд улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар томоохон барилгын ажлууд хийжээ.
Тухайлбал, сургуулийн барилга, спорт заалтай барих ажил 70 хувийн гүйцэтгэлтэй
байгаа бол 110 сая төгрөгийн өртөгтэй ахуйн үйлчилгээний төвийн барилгын ажил дуусах гэж байна. Мөн сумын орон нутгийн хөгжлийн сангийн 45.6 сая
төгрөгөөр албан байгууллагуудыг нэгдсэн гэрэлтдэг хаяг, Эрүүл мэндийн төвд
тарианы автомат шахуурга, зөөврийн кварц, ургийн доплер, электрон жин гэх мэтчилэн
шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ. Түүнчлэн ерөнхий боловсролын
сургуулийн “Багш хөгжлийн төв”-д компьютер тоног төхөөрөмж, сумын цаг уурын станцад
зогсоол, цэгийн тэмдэгжүүлэлтийг тус тус мөн ОНХС-гийн хөрөнгөөр хийсэн байна.
Ийнхүү нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд
хийжээ. Ахуйн үйлчилгээний төв ашиглалтад орж буйтай холбогдуулан жижиг дунд үйлдвэрлэл
эрхлэгчдээ дэмжиж нийт 69 хүнд зээл олгосон байна. Одоогийн байдлаар энэ төвд
талх, нарийн боов, эсгий, зөөлөн, хатуу оёдол, гар урлал, мод, суран эдлэлийн үйлдвэрлэлийг
30 өрх, хоршоо аж ахуйн нэгж тогтмол явуулж байна. Дэлхийн банкны буцалтгүй
санхүүжилтээр тус бүр нь 250 сая гаруй төгрөгийн өртөгтэй мах, сүүний жижиг
үйлдвэр барьж амжилттай үйлдвэрлэл явуулж байгаа. Эдгээр үйлдвэрт найман
жижиг төсөл тус бүрт 20 сая төгрөгийн тоног төхөөрөмж, гурван хоршооны төсөл
тус бүрийг 250 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаж 15 хүн байнгын ажлын
байртай болоод байгаа хэмээн Цэцэн-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Түүхэн ойгоо бүтээлч бүтээн
байгуулалтаар угтана гэв
Энэ онд Цэцэн-Уул сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт татах ажлууд хийж байна.
2019
онд улсын төсөв, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас нийт нэг тэрбум 202.9
сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөгдсөн байгаа. Мөн энэ жил тус сумын түүхт 60 жилийн ой тохиож байгаа. Тиймээс сумын орон нутгийн
хөгжлийн сангийн 76.5 сая төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт, тохижилтын
ажлуудыг хийхээр төлөвлөж эхний ажлуудыг хийж эхэлжээ. Түүхэн ойгоос өмнө шинэ
Соёлын төв, зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”, ерөнхий боловсролын
сургуулийн барилга спорт заалтайгаа хамт ашиглалтад орно. Наадмын шинэ стадион барих
ажлын зураг төсвийг хийсэн бөгөөд сумын иргэдийн дэмжлэгээр барих юм. Мөн ойд зориулж
сумын төрийн болон ААН байгууллагуудын дунд орчноо тохижуулах, цэцэрлэгжүүлэх
уралдааныг зарлаад байгаа. Түүхэн 60 жилийн ойг угтаж бүтээн байгуулалт, сумын
өнгө төрхөө сайжруулах тохижилтын ажлууд, сумын үүх түүхийг харуулсан гэрэл
зургийн үзэсгэлэн, ном бүтээх гээд нэлээд ажлыг төлөвлөж ажлын хэсэг
байгуулаад байгаа хэмээн ЗДТГ-аас нэмж дуулгалаа.