Завханы газар нутгийн 60 гаруй хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгийн 40 хувь нь бэлчээрийн нөөцтэй
буюу хүрэлцээтэй, 60 хувь нь бэлчээрийн даац хэд дахин буюу олон дахин хэтэрсэн
байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур,
орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн
ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг
мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасныг аймгийн Цаг уур орчны
шинжилгээний газраас мэдээлжээ.
Завхан аймгийн бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл, нийт нутгийн 20 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 35 хувь нь бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн харин 10 хувь нь гурваас тав дахин хэтэрсэн, 15 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн гэсэн дүн гарчээ.
Аймгийн хэмжээнд бэлчээрийн хомсдол хавсарч даац их хэмжээгээр хэтэрсэн нутаг нь Алдархаан сумын Аргалант, Баянтэс сумын Хачиг, Жавхлан, Цагаанчулуут сумын Арц, Цэцэн-Уул сумын Жаргалант, Дөрвөлжин, Ургамал сумын бүх баг, Эрдэнэхайрхан сумын Баянзүрх, Бага нуур, Алтан, Хайрхан багууд байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Их-Уул сумын Хонгор, Сантмаргац сумын Холбоо, Сонгино сумын Шар нуруу, Тэлмэн сумын Өгөөмөр, Баян айраг, Тэс сумын Нисэг, Зүр, Тосонцэнгэл сумын Баян улаан, Завханмандал сумын Мандал, Олонбулаг, Нуга, Отгон сумын Бадрал багуудын нутаг дэвсгэр байна. Харин бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн нутгаар Түдэвтэй сумын Баянцагаан, Сант, Ойгон, Идэр сумын Мануустай, Загастай гэхчлэн 18 сумын 30 багийн нутаг дэвсгэр орж байна.
Тиймээс сум, багийн түвшинд бэлчээртээ тохируулж мал бэлчээх, мал төллөх үеэр малыг тэжээх, буурь сэлгэх, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээг авах нь зөв юм гэв. Бэлчээрийн даац хэтэрсэн явдал нь, нэгдүгээрт малын тоо толгой ихээхэн өсөж, бүтэц бүрэлдэхүүнд нь бэлчээрт халтай ямаан сүргийн хувийн жин үлэмж нэмэгдсэн, хоёрдугаарт бэлчээрийн талбай багассаны дээр түгээмэл талхлагдсан, ургамлын бүрэлдэхүүн цөөрсөн зэргээс шалтгаалжээ. Түүнчлэн бэлчээрийг малчид төлбөргүй ашиглаж байгаа нь өнгөн дээрээ малчдаа харсан бодлого мэт боловч цаанаа бэлчээрийг зохисгүй ашиглан доройтуулж байгаа хэрэг. Бэлчээрийг үнэ төлбөргүй ашиглаж, даацыг нь хэтрүүлж талхалсан ч хариуцлага хүлээдэггүй тул малчид малынхаа толгойн тоог өсгөхөд л анхаарч, чанарыг орхигдуулж байна хэмээн албаныхан дуулгав
Сонирхуулахад, Монгол орны цаг уурын хэвийн жилд, усан хангамжийг цаашид шийдвэрлэх нөхцөлтэйгөөр бэлчээрийн жилийн дундаж багтаамж 86 сая хонин толгойг өсгөн үржүүлэх боломжтойг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс тогтоосон байна.