Ш.Даваадэмбэрэл: Архивч хүнд нэг хуудас цаас ч үнэтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-12 22:06:40

Завхан/МОНЦАМЭ/. Амьдрал ус мэт урсан өнгөрдөг, архив уул мэт сүндэрлэн үлддэг гэж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай хэлсэн. Өдрөөс өдөрт архив дахь баримт зузаарч байдаг. Архив гэдэг төр түмний ой санамж юм. Архив бол улс үндэстний өв соёлын  далай, өвөг дээдсийн бүтээн туурвисан их бахархал, юм хэмээн хэлсэн байдаг. Тиймээс Завхан аймгийн Төрийн архивт 20 гаруй жил ажиллаж байгаа Ш.Даваадэмбэрэлтэй уулзаж архивын үнэ цэн, үүх түүх, архивчдын ажлын байрны онцлогийн талаар ярилцлаа. 


-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Аймгийн Архивын тасаг яг ямар үйл ажиллагааг явуулдаг вэ?

-Завхан аймгийн Төрийн архив нь, төр захиргааны болон төсвийн 187 байгууллага, аж ахуйн нэгж, компаниудын албан хэрэг хөтлөлт, архивын ажилтнууд болон төрийн алба хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангаж, Төрийн архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хосгүй үнэт, үнэт баримтаар нөхөн бүрдүүлэх, дахин боловсруулалт, нягтлан шалгалт хийж жилд 14-45 хөмрөгийн архивын баримтаар баяжилт хийж ажилладаг. Завхан аймагт 1957 онд архивын эхлэл суурь тавигдсанаар архивын эрхлэгчээр Пүрэв хэмээх хүнийг томилж, аймгийн гүйцэтгэх захиргааны гишүүдийн хурлаар хэлэлцэж, төлөвлөгөө гарган бүх сум, байгууллага бүр өөрт хадгалагдаж байгаа баримт бичгийг архивын дүрмийн дагуу хамгаалж, эмхлэн цэгцлэх ажлуудыг ээлж дараатай хийлгэж, аймгийн захиргаанаас дөрвөн тасалгаатай 140м2 талбай бүхий байртай болгож архивын сан хөмрөгийг төвлөрүүлж тогтмол үйл ажиллагаатай болсон байдаг. 

Улмаар 1985-1987 онд улсын архивын байрыг өргөжүүлэн шинэ байранд шилжүүлэн тавиур, чийгшүүлэх сав зэрэг тоног төхөөрөмжтэй болж хадгалалт хамгаалалт эмх цэгц зохион байгуулалтыг сайжруулан архивын сахиултай болжээ. Мөн архивын баримтад үзлэг хийж, бичиг хэргийн ажлыг боловсронгуй болгох, зохион байгуулалт, захирамжлалын улсын стандартыг хэрэгжүүлэх, архивын баримт материалыг бүрдүүлэх талаар албан хаагчдад семинар зөвлөгөө өгч, баримт бичиг магадлан шалгах аймгийн комиссыг шинэчлэн байгуулж, архивд паспорт хөтлүүлэх, түүхэн лавлагаатай болгох, фондын жагсаалт, карт, хуудас, хадгаламжийн нэгжийн данс бүртгэлийг төрөлжүүлж хувийн хэргийн хавтас нээж, бүх бичээч нарыг аттестатчилалд хамруулж байсан түүхтэй.

Харин аймгийн Төрийн архивын тасаг нь өнөөдөр төрөөс архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, нутгийн захиргааны болон төрийн өмчит байгууллагуудын архивын баримтаар сан хөмрөгөө нөхөн баяжуулж, тэдгээрийг найдвартай хадгалж хамгаалах, архивын мэдээллээр байгууллага, иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Тухайлбал аймгийн Засаг даргын 2004-2008, 2008-2012, 2012-2016, 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, жил бүрийн аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Төрийн архивын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг хангах, архивын зориулалтын байрны асуудлыг судлан шийдвэрлэх, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах” гэсэн зорилтыг тусгаж 2007 онд Засаг даргын захирамжаар газар олголтыг шийдвэрлүүлж, зураг төслийн ажлыг хийлгэсэн байна.


-Архивын баримт гэдэг хадгалалт хамгаалалтын өндөр горимтой байдаг байх?
-Тиймээ. Архивын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар түүх соёлын дурсгалт зүйл болох архивын баримт эх сурвалжийг хамгаалах, архивын баримтын аюулгүй байдлын баталгааг бий болгох, баримт хадгалах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, хадгаламжийн сангийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг дагаж мөрдөх, хими, физик техникийн шинж чанарыг шалгах, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах зорилтын хүрээнд олон ажил хийсэн байгаа.

Тухайлбал 2007-2018 онд баримт хадгалах 67 секц нягтруулсан шүүгээ, 40 ширхэг төмөр тавиур, чийг дулаан хэмжигч, чийгшүүлэгч, галын булан, сейф, файлын шүүгээ, зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, цахим мэдээллийн сан бүхий сервер, компьютер, скайнер, принтер, канон, тог баригч зэрэг техник хэрэгсэлтэй болсон байна. 2009 онд аймгийн Нутгийн захиргааны ордон шинээр баригдаж ашиглалтад орсноор архивын сан хөмрөгийг 164 м2 бүхий хоёр өрөөг архивын зориулалтаар тохижуулан тоноглож, хадгалалт хамгаалалтыг сайжруулах талаар жил бүр төлөвлөн ажиллаж байна.  

Одоо Төрийн Архивын тасаг нь үндсэн гурван орон тоотой ажиллаж,  Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг мэдээллийн технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу, Архивын ерөнхий газрын бодлого шийдвэрийн дагуу  2011 онд таван ажилтныг гэрээтээр ажиллуулж архивын баримт, тоо бүртгэлийн баримт бичгийг программд оруулж,  цахим мэдээллийн сан үүсгэж, нийт хөмрөгийн 44 хувь нь цахим мэдээллийн санд орсон байна.


-Танай Архивын сан хөмрөгт нийт хэчнээн баримтыг хадгалж байгаа вэ?
-Манай архивын сан хөмрөгт 1925-2010 оны 288 хөмрөг үүсгэгчийн 42866 цаасан суурьтай хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байна. Үүнд цаасан суурьтай 42460, дүрс бичлэгийн 30, гэрэл зургийн 376 баримт хадгалагдаж байна. Ер нь Төрийн архивын байнгын хадгалалтад баримт шилжүүлэх ажлын үндсэн арга ажиллагаа нь “Эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажил байдаг. Тиймээс архив бичиг хэргийн ажилтнууд болон Төрийн архивын архивч операторч нар жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт, дахин боловсруулалт, эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажлыг хийж байгаа.

Бид өнөөдрийг хүртэл Архивын тухай хууль, архивын баримт ашиглалтын нийтлэг журмын дагуу Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтыг байгууллага, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангах, шинжлэх ухаан нийгэм танин мэдэхүйн зорилгоор эрдэм шинжилгээ судалгааны ажилд, сургалт сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээллээр сурталчлах, хэвлэн нийтлэх, үзэсгэлэн гаргах, байгууллага, иргэдэд лавлагаа, хуулбар олгох зэргээр ашиглуулж төрийн үйлчилгээг үзүүлж ирсэн.  

Цаашид бид Төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах шат дараатай арга хэмжээ авч зориулалтын байртай болохоор зорьж байна. Мөн архивын хөмрөг үүсгэгч байгууллагуудаас хуулийн хугацаанд архив зүйн үүднээс эмхлэн цэгцлэгдсэн бүрэн бүрдэл бүхий, батлагдсан данс бүртгэлтэй баримтыг Төрийн архивын байнгын хадгалалтад цаасан болон цахим хэлбэрээр нөхөн бүрдүүлэлт хийх, архивын баримтын тоо бүртгэлийг бүрэн зөв хөтлөх, баримтын эрэлт хайлтыг сайжруулахад анхаарч, мэдээллийн технологи, техник хэрэгслийг ашиглан, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана.


-Нийт хөмрөгийн 44 хувь нь цахим бүртгэлийн системд орсон гэлээ. Архивын сан хөмрөг цахимжсан давуу тал нь юу юм бол? 
-Тиймээ 2011 оноос архивын баримтыг тоон системд оруулах үндэсний хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. 2011 оноос эхлэн манай тасаг сан хөмрөгийн мэдээллийг цахимжуулах, нэгдсэн бүртгэлийг хийж эхэлж байгаа. Сан хөмрөгийн 40 гаруй хувь нь үндсэндээ цахимжсан. Архивын баримт цахимжсанаар иргэдэд үйлчлэх үйлчилгээ маш хурдан шуурхай болж байна. Нэг иргэний хүсэлтийг өдөрт нь шийдвэрлээд гаргадаг болсон. Одоо өдөрт дунджаар 10-15 хүний хүсэлт захиалгыг хүлээн авч өдөртөө багтаан шийдвэрлэдэг болж архивын үйлчилгээ маш хурдан шуурхай болсон. Ер нь архивын баримт маань жил ахих тусам үнэ цэн нь нэмэгдэж, нийгмийн хэрэгцээнд ч гэсэн нотлох гэрчлэх зорилгоор ашиглагддаг болсон.


-Архивын баримтын хадгалах хугацааг тодруулмаар байна л даа. Байнга, түр хадгалах, 70 жил хадгалах гээд ангиллууд байна. Ямар ялгаатай юм бэ?

-Тухайн баримтын үнэ цэнийг тодорхойлсны үндсэн дээр үүнийг гаргаж байгаа юм. Байнга хадгална гэдэг нь түүхэн нийгэм соёлын хэрэгцээнд гэдэг утгаараа. 70 жил гэдэг нь зөвхөн боловсон хүчний холбогдолтой юм уу лавлагаа мэдээлэлд зориулагдана.


-Нэн үнэт, үнэтэй, нууц гэж ямар материалууд байдаг юм бол?

-Агуулга, хэлбэр талаасаа байна. Манайд нэн үнэт баримт ховор. Гэхдээ төрийн архивын баримтууд хосгүй үнэтэй учраас дээрх ангилалд орох баримтууд бий. Архивын хүнд нэг хуудас цаас ч үнэтэй байдаг шүү дээ.


-Өөрийнхөө түүхийг архивт хадгалж үлдээе гэвэл яах ёстой вэ. Хувь хүн архивт материалаа үлдээх боломж хэр байдаг уу?

-Хувь хүн хөмрөг үүсгэгч байж болдог юм шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Иргэн, хувь хүн өөрөө архивын сан хөмрөг үүсгэж болдог. Өнөөдөр манайд нэг хүн хөмрөг үүсгэхээр явж байгаа. Үүнд, тодорхой шалгуур тавьсан журам бий. Үүнд, нийгэм соёлын хэрэгцээнд, лавлагаа мэдээлэлд гэх мэт. Гэхдээ тухайн хүн өөрөө надад хадгалагдаж байгаа баримтууд хэлбэр агуулгын хувьд судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байгаа бол бидэнд хандаад уулзаж ярилцаж болно. Магадгүй тэр хүмүүсийн өвөг дээдсийн нэн чухал баримтууд ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ.


-Ер нь хувийн сан хөмрөг үүсгэхээр иргэд ханддаг уу?

-Хандана. Зарим тохиолдолд мөнгөөр үүнийг өгчих юмсан гэж үзэж байгаа хүмүүс байдаг. Манай төрийн архивын зааварт зайлшгүй архивт байх шаадлагатай баримтуудыг төр үнэлж худалдаж авах тухай бий. Тиймээс тухайн баримтуудыг цаг хугацааны хувьд ч гэсэн нягтлан тодорхойлдог.


-Завхан аймагт нийт хэчнээн архивч ажиллаж байна вэ? Архивчдын ажлын үнэлэмж хэр байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд архив албан хэрэг хөтлөлтийг явуулж буй 170 гаруй байгууллага аж ахуй нэгжүүдэд архивчид ажиллаж байгаа. Өнгөрсөн жил аймгийн нийт архивчдыг сургах, дадлагажуулах мэргэжлийн уралдаан, сургалтыг амжилттай явуулсан. Энэ бол ажил мэргэжлийн уралдаан гэхээсээ илүүтэй архив, бичиг хэргийн ажилтнуудад дадлага туршлага болохуйц мэдлэг олгох сургалт, уралдаан болсон. Уралдаанд манай байгууллагуудын 60 гаруй архив бичиг хэргийн ажилтнууд хамрагдсан. Энэ үеэр архив бичиг хэргийн ажилтны ерөнхий  мэдлэгийг сорилоор аваад, цахим баримтыг хэрхэн яаж бэлтгэж байгаа, архивын баримтыг яаж эмхэлж цэгцэлж байна, ямар алдаа дутагдал гаргаж байна гэхчлэн шалгаж мэдэхгүй үед нь зааж өгөх, дадлагажуулах чиглэлээр уралдаанаа явуулсан байгаа.

Архивын ажилчид нормтой байдаг. Нэг албан бичгийг хэдэн минутад бүртгэж авах уу гээд бүгд нормчлогдсон байдаг. Энэ нормоо цаг хугацаандаа хийж чадаж байна уу? Нөгөө талаас бичиг хэргийн ажилтнаа дадлагажуулж туршлагажаасай гэсэндээ ажил мэргэжлийн уралдааныг жил бүр зарладаг уламжлалтай. Үр дүн ч гардаг юм. Мөн үеэр уйгуржин монгол бичгийн чадварыг шалгасан манай бичиг хэргийн ажилчид их сайн оролцсон байгаа. Ер нь архивч гэлтгүй хүн болгон л монгол бичгийг судалж сурах шаардлага тавигдаж байгаа. Албан хэрэг хөтлөлтийг заавал монгол бичгээр хөтөлнө гээд. Өнөөдөр журамлагдаагүй ч гэсэн монгол бичгийн ур чадварыг шалгая гээд 10 минутын хөрвүүлэх даалгавар өгсөн. Ийм дөрвөн шаттайгаар ажил мэргэжлийн уралдааныг зарлан явуулж байсан.Архивчдын хөдөлмөрийн үнэлгээ дундаж л байна. Ажлын ачаалал ихтэй ажилладаг юм. Мөн архивчид ажлын туршлага, бүтээмжээсээ шалтгаалаад зэрэг авдаг.


-Архивчид зэрэг авдаг гэлээ. Зэрэг авахын тулд архивч хүн юу хийх ёстой байдаг вэ? 
-Архивчид зэрэг авахын тулд Архивын ерөнхий газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу зэрэг тогтоолгодог.  Энэхүү журмын шаардлагыг хангасан 10-аас дээш жил архивын салбарт архив бичиг хэргийн ажилтнаар ажилласан ийм хүнд зэргийг олгодог. Архив бичиг хэргийн ахлах зэрэг авснаасаа хойш таван жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтнуудад тэргүүлэх зэрэг олгодог. Энэ зэргүүд маань цалингийн хувиар сар бүр урамшууллаа авдаг. Тэргүүлэх зэрэг авснаас хойш яг энэ салбартаа тасралтгүй таван жил ажилласан бол зөвлөх зэрэг олгодог. Манай аймагт өнөөдрийн байдлаар ахлах зэрэгтэй архивч нэлээд олон 40 гаруй бий. Тэргүүлэх зэрэгтэй архивч 20-оод байна. Одоогоор зөвлөх зэрэгтэй архивч байхгүй. Зөвлөх зэрэг шалгуур өндөртэй байдаг. Зөвлөх зэргийн шалгалтыг Архивын ерөнхий газраас авдаг.


-Манай аймгийн архивын салбарын ажил улсдаа ямар түвшинд явж байна вэ?
-Манай аймгийн архив 1998 оноос өмнө улсдаа ажлаараа тийм ч дээгүүр явж байгаагүй юм билээ. 2000-2005 он хүртэл улсад 20 дотор явж байсан. Одоо бол эхний 10 дотор явж байгаа. Энэ бол манай архив бичиг хэргийн ажилтнуудын хичээл зүтгэл хөдөлмөрийн үр шим гэж үзэж байна. Манайх Архивын ерөнхий газар дээр жил бүр тайлан дүн шинжилгээгээ хийлгэдэг. Маш нарийн дүн шинжилгээг хийдэг. Бүх чиглэлээр нь мэдээлэл судалгаа аваад түүн дээрээ үнэлэлт дүгнэлт өгдөг. Мэдээлэл технологийн чиглэлээр Засгийн газрын хэмжээнд аймаг бүрд тав таван гэрээт архивч авч байх үед манайх улсад долоод ордог байсан. Одоо энэ эдийн засгийн хямралтай холбогдуулаад ч юм уу гэрээт архивч, операторчдын цалин хасагдсан учраас бид гурван орон тоотойгоор ажиллаж байна. Энэ жил гэхэд хоёр архивч, операторч ажиллаж байгаа. Орон нутагт хэдэн хүн ажиллаж байгаа вэ гэдгээс шалтгаалаад орон нутгийн цахимд оруулж байгаа мэдээллээр дүгнэж шалгуур гаргадаг юм. Орон тоо бага ачаалал ихтэй ажилладаг. Өнөөдрийн байдлаар Архивын үйл ажиллагаа улсад долоодугаарт жагсаж байгаа.


-Олон ховор сан хөмрөг хадгалагдаж байгаа гэдгээр нь архивыг үнэлдэг үнэлгээ бий юу?
-Үүнийг нэг их үнэлдэггүй. Манай аймаг тулгуур дөрвөн аймгийн нэг учраас улсын хэмжээнд хадгаламжийн нэгж сан хөмрөгийн тоогоороо нэлээн дээгүүр олон баримттай аймгийн тоонд ордог. Цаасан дээр бичигдсэнийг л архив гэж үздэг,  бусад зүйлийг архив гэж үздэггүй үе саяхан байлаа шүү дээ. Одоо бол цахим тээгч дээр байгаа, тусгай тээгч дээр байгаа  баримтуудыг сан хөмрөгтөө авахыг зорьж байгаа. Манай архивд 1980 оноос хойших дуу дүрс бичлэгийн баримтууд тусгай төрлийн баримтдаа ордог байгаа. Хувь хүний алдар гавьяа онцлох хүн гэсэн баримтаар бол сан хөмрөг үүсгэх ёстой. Манай аймагт өнөөдрийн байдлаар хоёр хүний хувийн хөмрөг байна. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, судлаач П.Батсайхан гуайн хувийн хөмрөгийг үүсгэх гээд одоо материалаа бэлдээд явж байгаа. Тусгай төрлийн баримтууд гэхэд сүүлийн үеийн гэрэл зургаар тусгай баримт үүсгэх гээд нэлээн баримттай болсон. Аймгийн 90 жилийн ойгоор манайх 200-гаад гэрэл зургийн баримтаар үзэсгэлэн гаргасан. Өнгөрсөн жил 60 жилийнхээ ойн хүрээнд бид аймгийн веб сайтад цахим үзэсгэлэн гаргасан.

Манайд ховор нандин яг хосгүй үнэт гэж үнэлэгдээгүй боловч үнэтэйд тооцогдох баримт нэлээд бий. Тухайлбал Цэцэн Сартуулын хошууны хүн амын данс манай нэгдүгээр хадгаламжийн нэгжийн баримт болон хадгалагдаж байна. Энэ баримт маань үндэсний төв архивд байдаггүй манай аймагт л зөвхөн хоёр хувь байгаа. Муутуу цаасанд боогдсон үнэт баримт хадгалагдаж байна. Судалгаа шинжилгээ хийх юм бол нэлээн үнэтэйд тооцогдох баримтууд манайд олон байгаа. 

Related news