Завханы аялал жуулчлалын салбар гурван үсэгт хаягжилттай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-19 09:21:46

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ЗДТГ, БОАЖГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам what3words компанитай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд аймгийн хэмжээнд аялал жуулчлалын салбарыг цахимжуулах сургалт боллоо.

Сургалтыг Завхан аймгийн аялал жуулчлалын салбар, гадаад дотоодын жуулчдын аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор “What 3 words цахим хаягжилтын систем” сэдвээр амжилттай явууллаа. Сургалтад what3words компанийн төлөөлөл болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцов.

Энэхүү сургалтыг явуулснаар хаягжилтын аливаа хүндрэлгүйгээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хаягаа амар аргаар түгээснээр гадаад, дотоодын аялагчид зорин очих газраа хялбархан олж очих боломжийг олгож байгаа аж. what3words буюу гурван үгт хаягжилтын систем нь дэлхийн гадаргууг 3мх3м шоо дөрвөлжинд хувааж тус бүрд нь дахин давтагдашгүй гурван үгт хаягийг оноож өгснөөрөө өндөр нарийвчлалтайгаар өөрийн байгаа байршлыг илэрхийлэх боломжийг олгодог байна. Энэхүү технологийг хүн бүр гар утсан дээрээ үнэгүй суулгаж интернэт холболтгүй орчинд ч ашиглах боломжтой нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарын төлөөлөлд томоохон дэмжлэг болж байгаа хэмээн зохион байгуулагчид мэдээлэв.

 

Related news