Иргэдийг орон байр, агуулах саваа хараа хяналттай байлгахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэрээс нэр бүхий найман айлын зуслангийн амбаараас хулгай хийсэн хулгайчдыг илрүүлэн шалгаж байгаа талаарх
мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас өглөө.
Дээрх хэрэг 2019 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэр Мандалт гэх газар болжээ. Нэр бүхий найман айлын зуслангийн амбаараас 60 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлс алдагдсан гэмт хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Гэмт хэргийг Завхан аймгийн Алдархаан сумын харъяат иргэн М, Н, М, О нар бүлэглэн үйлджээ. Үйлдэгдсэн хэргийн шалтгаан нөхцөлийг судлахад иргэд үнэ бүхий эд зүйлээ харуул хамгаалалтгүй орхиж, ойр орчимд нь айл байхгүй газар хадгалж байгаа нь гэмт хэрэгтнүүдэд хулгайлах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймээс иргэд орон байр агуулах саваа хараа хяналттай байлгаж, үнэ бүхий эд зүйлээ хяналттай газар хадгалах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Хулгайд эд зүйлсээ алдахаас болгоомжил,
хулгай гарсныг мэдсэн даруйдаа яаралтай мэдэгдэж байхыг Завханы Цагдаагийн газраас мэдээлэв.