Химийн хорт бодисууд хуванцар саванд шингэн бүтээгдэхүүнд уусдаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 13:33:48

Хүнсний аюулгүй байдалд тулгамдаж байгаа асуудлын нэг бол “Зориулалтын бус хуванцар савны хэрэглээ” ажээ.  

Сэлэнгэ аймагт бидний шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг /сүү, тараг бусад/ хүнсний зориулалтын биш хуванцар саванд савлан худалдаалсаар байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлж буйг мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа ярьсаар байгаа. Энэ байдалтай холбогдуулан аймгийн МХГ-аас хүнсний зах, хүнсний бөөний төвүүдэд зориулалтын бус хуванцар савны хэрэглээний талаар зөвлөмжийг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч, иргэдэд түгээж, тайлбар сэрэмжлүүлгийг өглөө.

Энэ үеэр хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүнгээр хүнсний зориулалтын бус хуванцар савны бүрэлдэхүүн дэх химийн хорт бодисууд нь хүнсний шингэн бүтээгдэхүүнд шилжин уусч, улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах өндөр эрсдэлтэйг тогтоосон байдгийг санууллаа. Мөн эдгээр иргэдэд хүнсний аюулгүй байдал алдагдахад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар, цаашид анхаарвал зохих асуудлаар мэдээлэл хийж, зөвлөгөө өглөө.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news