Малчдын зөвлөгөөн Сантмаргаз сумаас эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-23 00:00:54

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн 24 сумын малчдын зөвлөгөөн Сантмаргаз сумаас эхэлж 200 гаруй малчин оролцлоо.

Энэ үеэр мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журам, малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоо, бэлчээр ашиглалтын талаар мэдээлэл өгч, малчдынхаа санал бодлыг сонсжээ. Мөн сумынхаа баг бүрийгтөлөөлж аймгийн малчдын зөвлөгөөнд оролцох малчдаа сонгожээ.

Түүнчлэн малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгээр сум, багтаа хэрэгжүүлэх малчдыг сонгосон байна. Энэ жилийн аймгийн малчдын зөвлөгөөний үеэр уламжлал ёсоор “Эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-ыг тодруулах аж. Энэ номинацид малчид өөрсдөө малчдаа дүгнэж шалгаруулахаар болжээ. Өмнө нь тухайн номинацийг ажлын хэсэг шалгаруулдаг байжээ. Эхний шатанд баг бүр тус номинацийн болзол, шалгуурыг хангасан нэг малчнаа нэр дэвшүүлэх бол хоёрдугаар шатанд сумынхаа “Малчдын зөвлөгөөн”-өөр хэлэлцэж сумаасаа нэг малчныг тодруулна. Эцсийн шатанд сум бүрээс шалгарсан 24 малчнаас “Эх дэлхийдээ ээлтэй сайн малчид”-ыг тодруулах юм байна. Ийнхүү Завханы бусад сумын малчдын зөвлөгөөнийг энэ оны дөрөвдүгээр сард багтаж сум бүрт зохион байгуулж дуусах юм. 

Related news