Сумдын музей орон тооны ажилтангүй учир үйл ажиллагаа нь тогтмолждоггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 15:40:51

Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан сумд өөрийн гэсэн музейтэй. Сүхбаатар сумын музейд гэхэд 600 гаруй үзмэр бий. Үүнд нэн ховорт тооцогдох үзмэр ч нэлээд байдаг. Гэвч эдгээр үзмэрүүдийг стандартын дагуу хадгалах байр сав болоод мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгааг тус сумын номын санч А. Цэцэгмаа хэллээ.

Музейн орон тооны ажилтан байдаггүй учир соёлын төвийн номын санч нь музейгээ давхар хариуцан ажилладаг.

Сүхбаатар сумын музейд байдаг нэн ховор үзмэрүүдээс танилцуулбал хошуу нутгийн газрын зураг, Дарханхаан уулаас олдсон эмэгтэй баатрын дуулга, алдарт Нийгмийн хонгорын чихмэл, 3000 жилийн настай байж мэдэх чулуужсан мод зэрэг бий.

Суманд гаднаас зочид төлөөлөгчид ирсэн цагт л музейн хаалга нээгддэг гэж хэлж болно. Тиймээс цаашид музейн барилгыг засварлах, орон тооны мэргэжлийн ажилтантай болгож стандарт горимын дагуу арчилж хадгалах тал дээр анхаарахгүй бол музейн үзмэрүүд элэгдэж муудан, устаж үгүй болох аюултай, мөн музей хаалгаабарих дээрээ хүрч болзошгүй байдалтай байна.

Т. Одончимэг

Related news