Баянхайрхан сумын эрүүл мэндийн төвийг буцалтгүй тусламжаар засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-03 21:45:08

Завхан /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч дөрвөн аймгийн Засаг дарга нартай эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн гэрээг өнгөрсөн сарын 28-нд үзэглэжээ.

Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ, “Завхан аймгийн Баянхайрхан сумын эрүүл мэндийн төвийн засварын ажлыг санхүүжүүлэхээр энэ гэрээнд гарын үсэг зурлаа. Баянхайрхан сум нь нийслэлээс мянга гаруй, төвөөсөө 260 гаруй километр алслагдан оршдог. Дунджаар 1800 орчим хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ эмнэлгийн барилгыг 1989 онд барьсан ч өнөөг хүртэл огт засвар хийгээгүй байсан.

Тиймээс иргэд тойргийн сумдын эмнэлгүүдэд очиж үйчлүүлэх хүндрэлтэй нөхцөл үүсээд байсан юм. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх тухай бидний саналыг Японы Элчин сайдын яам хүлээн авч нутгийн зон олонд минь үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баяртай байна. Бид ч мөн тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаж энэ ажлыг хамтран хийнэ. Намар гэхэд манай Баянхайрхан сумын ард олон эрүүл мэндийн үйлчилгээг тавтай тухтай хүртэх боломж бүрдэх гэж байгаад баяртай байна. Дэлгэр зуны цагт Завхан аймагт минь морилон саатаарай” гэв.

Дашрамд дээрх дөрвөн төслийн нийт дүн 310 мянга 598 ам.доллар буюу 796 сая 122 мянган төгрөг болж байгаа аж. 2018 онд Япон улсаас “Өвсний үндэс” төслийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй 19 төсөлд нийт дүн нэг сая 299 мянган ам.доллар буюу гурван тэрбум 238 сая төгрөгийн тусламжийг үзүүлжээ.

Related news