Сумандаа тохилог амьдрах олон бүтээн байгуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 14:53:11

Ховд аймгийн Булган суманд сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын чанартай, сумын өнгө үзэмжийг чимсэн, тоосжилтыг бууруулах ногоон байгууламж нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аж төрөх, тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн олон ажлууд хийжээ.

Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Бадам баатрын цэцэрлэгт хүрээлэн, 24 айлын орон сууцны урд талын хогийг цэвэрлэн ойн зурвас байгуулсан байна. Сумын төвд 800 метр засмал болон явган хүний зам наадмын талбай, “Сорхогтань хатан” цэцэрлэгт хүрээлэн, хурдан морины төхөөрөмжтэй болжээ. Харин Байтаг багт олон жил яригдсан улаан булангийн ажил  эхэлсэн боловч хөрөнгийн дутагдлаас шалтгаалан 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтөөс хамгаалах, усалгаатай тариалалтын болон хадлан авах нөхцөл бүрдүүлэх зорилгоор сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт жилд 2-оос доошгүй  багт усны эх гаргаж байхаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ жил Алагтолгой, Баянгол, Баянсудал, Далт, Бүрэнхайрхан багуудын 10-аад усны эх  гаргаж Баянгол багийн хэвийн амны гүүрийг шинэчлэн барилаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө орон нутгаа хөгжүүлэхэд тусгагдсан зарим ажлуудыг иргэдийн оролцоотой хэрэгжүүлэхэд үнэхээр  сайхан боломж  гэдгийг Булган сумын удирдлагууд хэлж байна. 

А.Бямбасүрэн

 

 

Related news