“Нутгийн генералуудын хишиг” шагнал бий болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 17:11:41

Хошууч генерал Л.Баябазар, бригадын генерал Т.Хүрэлбаатар нар санаачлан “Нутгийн генералуудын хишиг” шагнал бий болгож, Ховд аймгийн Эрдэнэбүрэн  сумын ИТХ-ын тогтоолоор шагналын журам батлан 2015 оноос мөрдөж байна.

“Генералын нэрэмжит шагнал”-ыг аймаг, суманд үндэсний бөхийн барилдаанаар амжилт гаргасан Эрдэнэбүрэн сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Батмөнхийн Бямбадорж, аймаг, улсын урлагийн наадамд өндөр амжилт гаргасан 5 дугаар ангийн сурагч Мөнхбатын Энхтуяа нарт олгожээ.

Мөн гамшиг эрсдлээс хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Сүхээн Өлзийхишиг, мал сүргээ тогтвортой өсгөж 2 жил мянга давсан мал тоолуулсан Хонгио багийн мянгат малчин Тэсвээн Гантөмөр, Намарзан багийн мянгат малчин Туулайн Рэнцэндорж, 2016 онд самбо бөхийн дэлхийн залуучуудын аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Намарзан багийн тамирчин Дашдаваагийн Бямбадэлгэр нарт олгоод байна.

А.Бямбасүрэн

Related news