Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” клуб тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-25 11:36:37

Монголын футзалын хөлбөмбөгийн охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лиг тэмцээний шилдэг баг, тамирчид тодорлоо.

МХБХ-ноос эмэгтэй хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэн дэмжих талаар онцгой анхаарч тэдний оролцоог нэмэгдүүлж байгаагийн үр дүнд тус футзалын лигт 13 багийн 170 гаруй тамирчид хоёр насны ангилалд ур чадвараа сорилоо. Тэд 11 хоногийн турш хурд, хүчээ сорьсон хариуцлагатай тоглолтууд хийж  өчигдөр медалийн эзэд тодорлоо.

Анхдугаар лигийн тэмцээний 17 хүртэлх насны ангилалд С.Буд дасгалжуулагчтай “Хад” клубын тамирчид нийт зургаан тоглолтоос гурван хожил 1 тэнцээ байгуулж 11 оноог өөрсдийн болгож хүрэл медалийн тавцанд зогслоо.

Мөнгөн медалийг С.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Дэрэн” клубын баг тамирчид хүртсэн. Тэд түрүүлэх ч боломжтой байсан хэдий ч сүүлийн тоглолтонд “Арвис” клубын багтай тэнцсэнээр дэд байранд шалгарлаа.

Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх амжилтыг үзүүлж анхдугаар лигийн аварга багаар Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” клуб шалгарлаа. 10 оноотой сүүлийн өдрийг хүртэл яах нь тодорхойгүй байсан ч “Туулын Том Тулнууд” багийг сүүлийн тоглолтонд илүүрхэн ялж алтан медаль болон цомын эзнээр тодорлоо. Энэ насны шилдэг хаалгачаар Б.Алтжин /Монголын тэмүүлэл/, Шилдэг тэгш тоглогчоор М.Энхтэнгэр /Дэрэн/, Шилдэг мэргэн буучаар Г.Улсбаяр /Монголын тэмүүлэл/  нар тус тус шалгарлаа.

Тэмцээний ахлах нас буюу 18-аас дээш насны ангилалд нийт зургаан баг оролцсоноос хүрэл медалийг Б.Мөнхжаргал дасгалжуулагчтай “Хад” клуб хүртлээ.

Ижил оноотой тэргүүлэгч байсан “Арвис” болон “Эрчим” клубүүдийн тоглолтод Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” ялалт байгуулж мөнгөн медалийн эзэд болов.

Анхдугаар лигийн хамгийн сүүлийн тоглолтыг хийсэн “Туулын Том Тулнууд” клуб 5:3 гэсэн оноогоор ялалт байгуулж аваргаар тодорлоо. Энэ насны шилдэг хаалгачаар Б.Халиун /Эрчим/, Шилдэг мэргэн буучаар Ө.Ундрах /Туулын Том Тулнууд/ нар тус тус тодорсон байна.

Шагналыг МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, Техник хөгжлийн хорооны дарга ноён Б.Буман-Учрал, МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Эмэгтэйчүүдийн хорооны дарга ноён Б.Болдбаатар мөн МХБХ-ны Гүйцэтгэх захирал ноён Ш.Жаргалсайхан нар гардууллаа.

Д.Өлзий

Related news